SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, December 14, 2011

Болдыг боорлосон нь



Төрийн тэргүүн өөрийн тааллаараа улс, эх орондоо гавьяа байгуулсан, шинийг нээсэн, түмэн олноо гийгүүлэгсдийг шагнан урамшуулах эрхтэй. Шагнал бүр баяр бах, хөөр баяслыг дагуулдаг атал энэ жилийн....


Төрийн тэргүүн өөрийн тааллаараа улс, эх орондоо гавьяа байгуулсан, шинийг нээсэн, түмэн олноо гийгүүлэгсдийг шагнан урамшуулах эрхтэй. Шагнал бүр баяр бах, хөөр баяслыг дагуулдаг атал энэ жилийн нэгэн шагнал ээрүүлийн утас шиг орооцолдож байна.
Ардын жүжигчин, алдарт хуурч Г.Жамъянгийн зээ хүү Д.Болдыг “Монгол поп” урсгалыг бий болгох гэж хөдөлмөрлөснийх нь төлөө хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагнал хүртээсэн билээ.
Д.Болд шагнуулсан нь шоронд орохоос илүү шийтгэл болж таарав. Амандаа шүлстэй болгоны нулбидас, шүлсгүйнх нь, цангаа болж хувирах нь. Тэгж ярих юм бол “Монгол поп” урсгал “Соёл-Эрдэнэ” хамтлагаас эхтэй хэмээн манай нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров мундагдав. Тийм л юм байгаа биз. Үүнийг бүр нэршүүлж, гаршуулж, гэршүүлж, алаглуулж байж үзэгч олондоо хүргэсэн Д.Болдод баяр хүргэе.

Үндэстний бие биеэ тэтгэн дэмжих халуун эрх ашгийг өвөртлөхийн оронд хамраараа гуншигнаж, хэдэн монгол дээл сольж өмсөөд л төрийн шагнал хүртчихлээ хэмээн гоншигоноцгоож байна. Гавьяат жүжигчин Д.Сосорбарамд төрийн шагнал өгөхөд намгийн мэлхий шиг вааглалдаад л байсан.

Одоо авьяаслаг залуу уран бүтээлчийн ирийг нь эмтлэх гэж буй аятай долоовор хуруугаараа дов чичилж суудаг моод дэлгэрэх нь. Цаанаасаа захиалгатай ч юм шиг. Лав л гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар гуайд төрийн шагнал өгөхөд өөрсдийгөө дүүжлэн алдсан хөөрхийлэлтэй атаархлыг үүнээс өөр би сонсоогүй юм байна.
Алив сайхныг шавар шавхайтай хутгаж үл болдог. Үүнийг үл тоогсод өөрсдөө шавартай зууралддаг сан. Ёстой л эмгэнэлт жүжгийн Долдойн дүрийг санагдуулна. Дэлхийг хамарч даяаршлын нэг түүчээ болсон поп урсгалыг Монгол хөрсөн дээр соёолуулж, цэцэглүүлэх гэснээрээ Д.Болд ялтан болон хувирч, гуншаа гэж доромжилсон нөхдүүд гавьяат болж үлдэх нь. Лавтайяа монгол хувцасны төрлүүд, хөгжмийн зэмсэг, бүжиг, монгол ахуйг харуулсан тайз засалт нь монгол гэсэн поп иймэрхүү л байх болов уу гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн.

Манай үзэгчид, залуучууд өмнө нь ийм тоглолт үзэж байсан уу. Энэ бүхнийг олон хүн, тэр дундаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгэл зүрхээрээ оноон харсан гэдэгт үл эргэлзэнэ. Тэгэхээр Д.Болд төрийн шагналтан болов гэж боож үхэх гээд байхын хэрэг юун. Тэр гуай, хэн маань, анд минь ийм цол хүртээгүй байхад тэр муу нусгай жаал авах гэж үү хэмээн хушны боргоцой бөмбөртөл шогширцгоов.

Эндээс ургуулан нэг зүйлийг тодотгоход уран бүтээлчдийг УИХ-ын хэдэн баячуудын морь шиг уралдуулж болдоггүй л дээ хөөрхий. Түүний өмнөх олон тоглолт, цомгийг бид мэднэ. Хөдөлмөрлөдөг уран бүтээлч шүү. Нөгөө талаар энэ шагнал Монголын урлагт шинэ үе ирлээ гэдгийг зарлан тунхагласан хэрэг болов. Шинэ үеэ, шинэ санаа, үндэсний үзэл, даяаршлын зөв цулбуур, залууртай зоригийг дэмжихгүйгээр Монгол улс урагш үл алхана.

Нэгэнтээ гавьяат цол хүртчихээд дуучин С.Жавхлан гавьяат цол намайг бус гавьяат цолыг би чимж яваа гэсэн билээ. Ухаж ойлговоос өөртөө хичнээн их хүнд ачаа ирж буйг мэдэрсэн уран бүтээлчийн бүлээн зовинолтой омгорхол байв. Д.Болдод ч энэ тохиол иржээ. Хийж бүтээх ид насанд нь хөхүүлэн дэмжиж, шинэ үеэ гаргаж ирэх нь энэ цаг үеийнхний, үүрэг юм. Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж харуулж чадав. Тэрээр ардчилсан хувьсгалыг эхлүүлж байхдаа Д.Болд шиг л залуу байсан.

Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж энэ л дээ. Адарсүрэн шиг ард олондоо хүнддэгдэж явбал боллоо шүү дээ гээд нүдээ аниад цүнхээл рүү түлхэж унагаад байж боломгүй. Үгүй юм. Гавьяа, шагнал гэдэг хувь хүнийг нийгмийн дунд нэр хүндийг нь өргөөд зогсохгүй, авьяас хөдөлмөрийг нь дэмжин тэтгэх хүч болдог хэмээн манай нэрт найруулагч Найдангийн Ганхуяг гуай хэлж байсныг санаж байна. Д.Болд яг энэ насан дээрээ явна. Өөрөөр хэлбэл урмын ташуураар шавхуурдуулсан хүн урдахь замаа туулах, ачаа тээшээ хэрхэн тэнцүүлэхээ ухамсарлан хөдлөх байх шүү.

Д.Болд үүнийг чадна. Хөшүүн царцуу, эсвэл хөөс шиг урлагийн зарим бөмбөлгийг ямартай ч тэр хагалсан. Төр ч алган дээрээ бөмбөрүүлэв. Нөгөөтэйгүүр түүхэн ой тэгширсэн энэ жилдээ том бэлэг барьж чадсан нь юутай олзуурхам. Миний “Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолыг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар найруулж, Т.Сэр-Од хөгжмийг нь туурвиж, тайзнаа амшгууллаа. Бид гурав нас чацуутан шинэ үеийнхэн. Чадлаа. Хүмүүс харлаа. Эцэст нь өгүүлэхэд Д.Болд руу хийсэн атакуудыг ажихнээ хоёр үзүүртэй зүү ажгуу.

Сонгууль айсуй. Шинэ үе, шинэ урлагийг таашаасан Ардчилсан Ерөнхийлөгчийг шалдан бандид төрийн шагнал өгөв хэмээн дуран авайгаар томруулан харж эхлэх шиг. Зүгээр нэг гудамжаар алхаж яваа хүний энгэрийг нь цоолох тэнэг хүсэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид байгаагүй нь лавтай. Даяаршсан энэ бөөр алаг бөмбөрцгийн өнгө төрх монгол салхи, монгол харц, монгол зүрхэнд хэрхэн шингэв ээ. Д.Болдыг боорлож буй нь урлагийн мэдрэмжгүй болохоороо улаан хэлээрээ (хар хэлээрээ гэвэл зохилтой) жоомны гүйсэн морийг хээлж буй аятай ч юм уу даа.

Сонин хэвлэлүүдэд гарч буй улс төрийн болоод муу Монгол хүний хар хорын атаархлын үнэр нэвчсэн өгүүлэлэнцэрүүдийг хальт гарчиглаад үүнийг сэрж мэдрэв. Шинэ үеэ дэмжицгээе. Урмын ташуур өгцгөөе.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

1 сэтгэгдэл:

  1. yunii umnu suvdhandaa bainga bayarlaj yavdag shu medee medeelel nevtruuleg kino bichleg geed urgun hureetei bas turgen shuurhai baidagt bas reklamn deer udur bolgon darj tsaashdiin uil ajillagaag chin demjdegee.za tegeed bodloo bichiy gej bodloo Bold bol nas zaluuch urlagt hiisen buteesen bas hiij buteeh ih aviyastai zaluu bas ene shagnal ni hunee olj ugsun gej bodoj demjij bgaa.Manai mgl-n ard tumen gej yasan tamiin togoonoosoo garch chaddaggui negendee ataa jutuu ni duusdaggui humuus baidiin uneheer oilgohku yum da.Yamartaa ch Boldod ene shagnaliig ugsun uneheer zuv ene deer bichsen hun uneheer zuv bichjee tiim bolhoor dahin dahin nurshij davtaad yahav Bold hun bolgond taalagdah ni alba bish bolhoor taaldaggui neg ni chimeegui l bh heregtei tur hend yamar shagnal uguhuu medeh bailgui dee ternees henbguaid ch uguud bdag yum bish.Boldodoo tsaashdiin uran buteeld ni undruus undur amjilt husiy humuus eldveer heleh burt ni erch huchtei irlegdej yavaarai yamar ch bsan shantrahku bas setgeleer unahku gedgiig ni medej bas itgej bna.Humuusee eh oroniihoo tuluu hiij buteej yavaa zaluusaa demjij surtsgaaya!!!Bold bol ene ueiin ulger duurailal bolson zaluu shuu!!!Zaluu hun amjiltand hurch bolohiin jishee ene bh gj bodoj bna!!!AMJILT

    ReplyDelete