SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, January 11, 2012

Анхням: Мөнгө хүнд хоёр дахин их зовлон чирдэг




 Өнөөгийн сайхан бүсгүйчүүдийн нэг, Монголын кино урлагт өөрийн зам мөрийг гаргаад зогсохгүй гадаад зах зээлд.....



Өнөөгийн сайхан бүсгүйчүүдийн нэг, Монголын кино урлагт өөрийн зам мөрийг гаргаад зогсохгүй гадаад зах зээлд
хөл тавьж, тэр хэрээр нь монгол жүжигчдийн ур чадварыг харийнханд харуулж яваа МУСТА жүжигчин Р.Анхнямтай хийсэн ярилцлагаа толилуулж байна.
Асуулт: Хүн болгон өөрийн гэсэн давтагдашгүй ертөнцтэй. Жишээ нь, бид хоёр ярилцаад сууж байхад ойлголцох юм байгаа ч, эсрэг тэсрэг юм байж таарна. Анхнямын хувь ертөнцийг тодорхойлбол яг юу гэж хэлэх вэ?
Хариулт: Би өөрийгөө тодорхойлох гэж их хичээсэн. Би ер нь ямар хүн бэ гэж боддог, заримдаа бүр өөрийгөө ч танихаа байдаг. Тэгэхлээр амьдралын цаг, минут, секунд бүрт өөрөө өөрийгөө олборлож байгаа нь, ухах тусам дороосоо гарч ирээд байдаг эрдэнэсийн уурхай шиг, тэр уурхайг ухаад байхаар янз бүрийн өнгөтэй, гэрэлтэй, гэрэлгүй чулуунууд гарч ирдэг шиг би тийм хүн санагддаг. Одоо ч гэсэн би өөрийгөө бүрэн хайж олоогүй байгаа. Энэ нь миний мэргэжилтэй холбоотой. Жүжигчин хүн дүр бүтээх гэж өөрөөсөө огт өөр хүнийг бий болгодог байхгүй юу.
Сайн дүр бүтээхийн тулд шүү дээ. Жүжигчин хүн насан туршдаа нэг сайн дүр бүтээх юмсан гэж бодож байгаад бурхны оронд очсон тохиолдол маш их.Тийм дүрийг бүтээхийн тулд хүнээс маш их хөдөлмөр, бүр ихийг шаардана. Тэгээд тэр нь дандаа сэтгэлийн үзүүртэй холбоотой. Эхлээд сэтгэл дотроо ургуулна, тэгээд сэтгэлээрээ дамжуулаад бодитоор гаргана, тэгж байж тэр хүнээ хөгжүүлнэ. Анхням гэдэг хүн өөрийгөө бүрэн бүтэн мэддэг байхаас гадна дахиад нэг хүнийг өөрөөрөө дамжуулан бүтээнэ гэдэг маш хэцүү. Тийм өнгөцхөн, амархан зүйл огт биш.
Асуулт: Мэргэжлийнхээ талаар товч, тодорхой илэрхийлчихлээ. Гэтэл жүжигчин гэдэг мэргэжлийг хамгийн амархан мэргэжил. Ер нь камертай харьцаад сурчихвал болно гэсэн ойлголт бий болж байх шиг. Нөгөө талаар жүжигчнээр дамжиж олонд танил болох нь хэвшмэл загвар болчихлоо. Энэ тухайд юу хэлэв вэ?
Хариулт: Би өөрийгөө энэ мэргэжлийг эзэмшсэн гэж хэлж чадахгүй. Би зүгээр л зах зухаас нь үзэж харж, мэдэрч яваа хүн. Би одоо кино, жүжигт тоглохоосоо халширдаг.
Асуулт: Ийм амархан уу? Яагаад?
Хариулт: Хүмүүст муу юм хийхийг хүсдэггүй байхгүй юу. Өөрийнхөө сэтгэлийг бэлтгэж чадаагүй, хөнгөн хуумгай юм хийгээд түүнийг хүмүүс үзвэл надад муухай санагддаг. Оюутан байхдаа ч юм уу, дөнгөж төгсчихөөд юунд ч хамаагүй тоглох юмсан гэж боддог байлаа.
Одоо бол би айдаг. Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдгийг одооноос л би мэдэрч байна. Би энэ ажлыг хийгээд, өөрөөр хэлбэл, дэлгэцэнд гараад яг 10 жил болж байна. 10 жилийн дараа л би дөнгөж зах зухаас нь мэдэрч эхэлж байна. Би одоо 30 гарч яваа. Тэгээд цаашдаа 40, 50, 60 наслахыг хэн ч мэдэхгүй. 10 жилийн дотор би ийм өчүүхэн зүйлийг ойлгож байгаа юм чинь 20, 30 жилийн дараа ч гүйцэд ойлголгүй  байсаар үхэх нь байна шүү дээ.
Тийм биз дээ. Би сурч амжихгүй нь. Тэгэхээр надад аймаар санагддаг байхгүй юу. Ийм учраас энэ мэргэжил тийм амархан юм биш. Хүмүүс алдар нэрд гаръя, олны танил болъё гэвэл яаж ч болно. Сонин, сэтгүүлээр бичүүлж, телевиз радиогоор гардаг ч юм уу, сэтгүүлд зургаа гаргаж болно. Өөрийнхөө тухай янз бүрийн сенсаци тарьж болно. Олны танил болоход амархан. Би тэгж л боддог.
Асуулт: Олны танил болох амархан  юм байж. Тэгвэл олны танил байхын зовлон чухам юундаа байдаг вэ?
Хариулт: Олны танил байх нь зовлонтойгоосоо илүү жаргал л даа. Тэгэхдээ олны танил байна гэдэгт бас учир бий. Яаж танигдсан бэ. Олон түмэн таниад үзэн ядаж байна уу, эсвэл тэр хүмүүст сайхан мэдрэмж төрж байна уу гэдэг л чухал. Бүгдээрээ үзэн ядаад байвал олны танил байгаад яах юм бэ. Анх МУГЖ Чаминчулуун багшаар бэлдүүлээд СУИС-д орж байлаа. Тэгэхэд би “Чамиа эгч ээ, би СУИС-д орж жүжигчин болмоор байна. Та намайг жүжигчин болгоод өгөөч.
Конкурст бэлдээд өгөөч” гээд очсон байхгүй юу. Тэгсэн чинь Чамиа багш надаас “Анхням  аа, жүжигчин хүн байх, ялангуяа эмэгтэй хүн жүжигчин болно гэдэг ямар хэцүү гээч. Чи өөртөө итгэлтэй байна уу” гэж асуусан. Тэр үед би “Өөртөө итгэлтэй байна, яг жүжигчин болж чадна. Энэ бол миний амьдралын зам мөн” гэж зүтгээд л орсон. Харин одоо жүжигчин эмэгтэй хүн ямар хэцүү байдаг юм бэ гэдгийг амьдрал дээр ойлгож эхэлсэн. Жүжигчин хүн авъяастай байж болно, гоё сайхан харагддаг байж болно, хэн ч байж болно. Гэхдээ энэ бүхний ард машинаар юм бол хүнд даацын машин шиг сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.
Юм болгоныг давж гарч чаддаг, ард нь инээгээд зогсож байж чаддаг, өөрийн ухаантай байх ёстой байхгүй юу. Тэгээд ч жүжигчин хүн, жүжигчин мэргэжил гэдэг чинь тэр чигээрээ ухааны илрэл. Зүгээр л гоё инээгээд, дэлгэцэн дээр гоё гараад, уран үг хэлдэг бол тэрийг хэн ч чадна шүү дээ. Ухаанаараа дамжуулж үзэгчдийн сэтгэлд ёг хийтэл ухаарал өгдөг байх хэрэгтэй. Ухаанаараа дамжуулж тэр хүн ажил мэргэжлийнхээ нэр хүнд, өөрийнхөө нэр хүндийг авч явдаг байх ёстой. Ухаанаараа дамжуулж өөрт ногдсон том, жижиг  дүрийг маш сайн бүтээхийн төлөө тэмцэх нь чухал. Энэ бүхэн ухааны илрэл. Түүнээс гоё сайхных биш.
Асуулт: Таны хувьд яагаад энэ мэргэжлийг сонгов?
Хариулт: Би бага байхдаа нугардаг байлаа. Нугардаг байж байгаад уран гимнастикч, спортын гимнастикч дараа нь бүжигчин, тэгээд таэквондочин, каратэчин болоод 10-р ангиа төгссөн байхгүй юу. Бодоод байсан чинь эдийн засагч бол надад тохирохгүй, би тэгж удаан суудаг юманд дургүй, хуульч бас биш. Тэгээд гэр бүлийн хурлаас намайг Хүмүүнлэгт оруулъя гэсэн. Тэр нь надад ямар ч сонирхолгүй санагдаад татгалзлаа. За тэгвэл, Хилийн цэргийн их сургуульд оруулъя.
Гаалийн ажилтан бол гэсэн чинь яг миний ордог жил ХЦИС-ийн гаалийн ангид эмэгтэй хүүхэд аваагүй юм. Би үүнийг бол гоё хувцастай, энэ тэр гээд сонирхож байсан. Ингээд гаалийн ажилтан болох хүсэл минь өнгөрсөн дөө. Тэгээд би ерөөсөө жүжигчин боллоо гэсэн чинь манайхан дэмжээгүй, бүгд гайхацгаагаад л өнгөрсөн. Манай гэрт тарвагачин ч байсан, гуйлгачин ч байсан, ганцхан номын хүн л байгаагүй гэдэг шиг жүжигчин хүн манай удамд байгаагүй. Тэгэхээр би өөрийгөө их азтай хүн гэж боддог юм. Энэ мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй.
Асуулт: Монголын кино урлагийн бүхэл бүтэн жарны түүхэнд кинонд мөнхөрсөн сайхан хүүхнүүд олон бий. Ер нь сайхан байх нь кино урлагт хэрэгтэй юу, сайн авъяастай байх хэрэгтэй юу?
Хариулт: Сайн авъяастай байх ёстой. Авъяас хүний сайхан муухайг далдалдаг. Авъяастай хүнийг хүн хараад л байдаг байхгүй юу. Харин сайхан хүнийг хүн жаахан харж байгаад л сонин биш болно шүү дээ. Тийм болохоор авъяастай байх нь хамгийн чухал.
Асуулт: Хамгийн анхны кинондоо бүсгүй хүний гоо үзэсгэлэнг гаргаж нүцгэн гарч байсныг чинь санаж байна. Тэр үед хэцүү байсан уу?
Хариулт: Их л зоригтой байж дээ гэж боддог юм би. Одоо түүнд нэг их ач холбогдол өгдөггүй. Тэр үед зоригтойгоор тоглосон нь зөв хэрэг, сайн хэрэг.
Асуулт: Үүний дараагаар өөрийг чинь сонирхож эрчүүд их утасдаж байв уу?
Хариулт: Хүмүүс утасдаж л байдаг юм. Танилцъя, уулзъя энэ тэр гээд. Тэгэхдээ надад нэг зүйл мартагддаггүй юм. Тэр үед утас дуугараад авсан чинь нэг настайвтар эгч “Жүжигчин Анхням уу” гээд “Эгч нь чиний тоглосон “Мөрөөдлийн онгоц” гэдэг киног үзэх дуртай. Миний дүүг одоо сонин хэвлэлээр янз бүрээр бичээд байна. Энэ бүгдийг битгий тоо. Ингэдэг юм. Чи цаашдаа их сайн жүжигчин болно, чи бол сайхан охин шүү, битгий сэтгэлээр унаарай” гээд утсаа тасалчихсан. Би тэр эгчээс та хэн бэ ч гэж асууж амжаагүй. Гэхдээ одоо хүртэл тэр тухай мартдаггүй. Сонинд муулуулах бүрт тэр эгчийн үг санаанд ордог. Танихгүй эгчийн үг миний сэтгэлд 10 жил хадаатай байна гэхээр надад их нөлөөлсөн байгаа биз.
Асуулт: “Хоёр өдөр, гурван шөнө”, “Сексийн эрх чөлөө” зэрэг кинонд өөрөө тоглосон. Тоглохдоо нүцгэн, секс хийж байгаа ч юм уу, нэг тийм эротик дүрийг гаргадаг.  Энэ юуных вэ, залуу насных уу, эсвэл кино зохиолынх уу?
Хариулт: Энэ бол кино зохиолтой хамаатай. Заавал тийм байж байж л тэр кино үргэлжлэх гээд байгаа байхгүй юу. Тэрнээс биш Анхням дуртайдаа өө, энд нэг ингээд нэмчихье гээд хувцсаа тайлаад зогсож байгаа юм биш. Тэр хэсэгхэн минутын дүрс уг кинонд гарах нь маш их ач холбогдолтой учраас тэр дүрсийг кинонд оруулж байгаа юм. Тэгээд ч аймаар таргалчихсан эсвэл 50 гаруй насандаа би тоглож чадахгүй шүү дээ. Одоо байгаа насан дээрээ л тоглох хэрэгтэй. Тэгэхгүй айгаад, тэр намайг тэгж хэлэх болов уу, би одоо энд ингэж харагдах болов уу гэх эмээлт хэрэггүй.
Асуулт: Кинонд тоглосны чинь дараа эрчүүдийн шохоорхол дахиад л чамайг чиглэсэн үү?
Хариулт: Анхням гэдэг чинь тэр юм уу, аль юм бэ гэх шохоорхол бол байдаг. Энэ бол дэлгэцэн дээр гарсан дүрсийг хараад хийсвэрээр шохоорхож байгаа хэрэг. Анхням гэдэг хүнийг яг хэн бэ гэдгийг нь мэдэхгүй хэрнээ сонирхож байна гэдэг чинь бодитой юм биш.
Асуулт: Тэгвэл бодит Анхнямд ямар эр хүн таалагддаг вэ?
Хариулт: Бодит Анхнямд миний нөхөр шиг л хүн таалагдана даа. Би нөхрөө зөв сонгож суусан гэж боддог. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтын нэг. Нэгдэх нь жүжигчний мэргэжил, хоёр дахь нь миний хань.
Асуулт: Сэтгэлд чинь нийцсэн тэр азтай эрийг хэн гэдэг вэ. Гэр бүлээ танилцуулаач?
Хариулт: Өөрийнхөө амьдралыг олонд дэлгэх дургүй. Гэхдээ миний нөхрийг Баярсайхан гэдэг. “Уурхайчин” клубын тамирчин, дасгалжуулагч. Та бараг мэдэх байх даа. Бид хоёр нэг хөөрхөн хүүтэй. Тэгээд гурвуулаа амьдардаг.
Асуулт: Эмэгтэй хүнд нэг хүсэл зорилго байдаг шүү дээ. Би ирээдүйд тийм л хүнтэй суучих юмсан, тэгж л амьдрах юмсан гэж. Гүнж байх насаа дуусгаад 15 наснаасаа мөрөөдөлд автаад, 17, 18 насандаа болзоонд зогсох гээд яардаг охин насыг бид үдсэн. Тэр мөрөөдөл тань өнөөдөр биелсэн үү? Эр хүний хувьд шүү дээ?
Хариулт: Ихэнх мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог. Би тайзан дээр олон хүний өмнө байх дуртай хүүхэд байсан. Тэгэхээр багын мөрөөдөл маань одоо биелсэн байгаа биз дээ. Бас сэтгэл хангалуун, хамгийн гол нь тайван амьдралыг, гэр бүлийнхэн маань өвчин, зовлонгүй байгаасай гэж хүсдэг. Тэрнээс биш эд баялаг, эрх мэдлийг хүсдэггүй. Тийм болохоор тэр хүссэн амьдралаар минь амьдруулах тийм л хүнтэй суусан гэж боддог.
Асуулт: Өнгө, мөнгөний энэ үед олны танил хүмүүс мөнгөтэй төгрөгтэй ямар нэгэн баян хүний нөмөр нөөлөг дор амьдрахыг чухалчилдаг болчихоод байна. Энэ тал дээр өөрийн чинь бодол?
Хариулт: Хүний юм бол хүнийх л байдаг байхгүй юу. Хүн өөрөө түүнийг бүтээгээд бий болгож чадна шүү дээ. Би анх СУИС төгсөөд мөнгөтэй байгаагүй. Надад ажил хийхгүй бол мөнгө олдохгүй, ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Би өөрийнхөө гараар л өөрийнхөө амьдралыг бүтээсэн. Хүний юм бол хүний л юм. Тэр хүн хэзээ нэгэн цагт байхгүй болоход тэр бүгд нь ч бас дагаад байхгүй болно. Тэгэхлээр дахиад тэр амьдралыг шинээр эхлэх цаг хугацаа танд байх уу. Яагаад өөрийгөө үнэлж, өөрийнхөө хүч чадлаар өөрийнхөө амьдралыг бий болгож болохгүй, заавал өөр хүний юман дээр хөхөө шиг очиж суух гээд байгаа юм бэ. Тийм биз дээ. Тэгэхээр би энэ асуудлыг ёстой дэмждэггүй.
Асуулт: Хайрыг юу гэж хүлээж авдаг вэ. Хайр гэдэг зүйл дандаа гэрэл гэгээ ч юм уу, зөв энерги, эерэг юм дагуулдаг гэдэг?
Хариулт: Ямар нэгэн хайргүйгээр би хувьдаа оршин тогтнож чадахгүй. Хэн нэгэн намайг хайрлахгүй байхад надад хамгийн аймшигтай. Гэвч бурхны авралаар миний эргэн тойрны хүмүүс намайг дандаа хайрладаг. Тэд нар маань намайг хайрладаг болохоор би бас хүмүүсийг хайрладаг болж хүмүүжсэн.
Асуулт: Тэгвэл хичнээн их хайр дундаас Баярсайханы хайрыг тосож авсан бэ?
Хариулт: Айхтар тийм их өрсөлдөөн гэхэд хаашаа юм бэ, тэгэхдээ хүн зөнгөөрөө мэдэрдэг шүү дээ. Манай хүн чинь би хайртай гээд гүйгээд байдаг хүн биш. Тэгэхдээ цаанаасаа л нэг тийм гоё хүн байхгүй юу. Надад энэ хүнтэй л суучих юм бол жаргах юм шиг санагдаад, хамгийн гол нь манай ээжид их таалагдсан. Хүний ээж элгээ таньдаг гэдэг. Би охидуудад хэлмээр санагддаг юм. Хүнтэй суухаар болбол эхлээд заавал ээжтэйгээ танилцуулж, ээжийнхээ үгийг сонсоорой гэж. Намайг Баярсайхантай л суух ёстой гэж бурхан цаанаас нь зохицуулсан байх. Бид хоёр ямар ч асуудалгүй хайр сэтгэлээрээ нийлээд л суусан.
Асуулт: Ханьтайгаа учирсанаа “Энэ бол бурханы зураг” гэж хэллээ. Тэгвэл хувь заяаны эрхээр Та хоёр зөрчихсөн бол хэнийг сонгох байсан бол?
Хариулт: Энэ тухай би огт бодож байгаагүй. Тэгж бодох шаардлага ч надад байхгүй. Сэтгэл минь нэгэнт ханачихсан. Тэгээд ч бурханы зураг хувь заяаны ямар ч эргүүлэгт төөрдөггүй гэдэгт итгэдэг.
Асуулт: Бүтээсэн дүр болгондоо залуу нас, гоо үзэсгэлэнг мөнхлөж байсны хувьд нууц амрагийн талаарх бодол чинь сонин байна?
Хариулт: Нууц амраг гэдэг зүйл нууцаараа л үлдсэн нь дээр. Бид нар түүнийг эсэргүүцээд ямар зогсоох биш, бас хөхүүлэн дэмжээд байх зүйл лав биш. Магадгүй энэ бол хүний амьдралын алдаа байх, хүн алдъя гэж алддаггүй шүү дээ. Тийм болохоор өөрсдийнхөө ухаанаар л зохицуулах ёстой.
Асуулт:  Өвөрмонголын “Гаадаа мээрэн”-д тоглож,  кино урлагийн зах зээлээ гадагш нь тэлээд байгаа. Энэ талаар?  
Хариулт: Гадагш тэлэх тусмаа сайн гэж бодож байгаа. Кино урлагт төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Өөрсдийнхөө жүжигчдийг, найруулагчдыг, продюссеруудыг  бодлогоор гадагш нь гаргах хэрэгтэй, бодлогоор монгол киног дэлхийн том сүлжээнд оруулах хэрэгтэй. Бид нар өөрсдөө мундаг том юм хийгээд тэрнийгээ бариад гадаад руу гүйгээд амжилт олж чадахгүй. Араас нь заавал улсын дэмжлэг хэрэгтэй.
Гэхдээ улс дэмжихгүй байна гээд гүйгээд байх нь утгагүй. Тиймээс бид нар бас өөрсдөө хичээх хэрэгтэй. Ганцхан би ч тоглоод байгаа юм биш, миний араас манай Монголын олон жүжигчин гадагшаа гарч кинонд тоглох хэрэгтэй. Өөрсдийгөө үнэлэх хэрэгтэй. Тэртээ тэргүй монгол жүжигчдийн чадавхи сайн шүү дээ. Гадагшаа гарч өөрийнхөө хөдөлмөрийг энд байгаагаас хэдэн хувиар илүү үнэлүүлэхэд яагаад болохгүй гэж.
Асуулт: Уучлаарай. Тэгэхээр Монголдоо нэг кинонд тоглосноос хөрш Өвөрмонголд кинонд тоглох хөлс хамаагүй өндөр байна гэж ойлгож болох уу?
Хариулт: Тэгж ойлгож болно. Хамаагүй өндөр шүү дээ, хэд дахин илүү гэж хэлж болно.
Асуулт: Ямарваа нэгэн кинонд тоглох урилга аваад зохиолыг нь уншаад татгалзаж байсан удаа олон уу?
Хариулт: Тийм тохиолдол зөндөө. Би алаан талаантай, аймшгийн кино үзэх дургүй. Би тийм киноны зохиол аваад “Уучлаарай, би амжихгүй нь” гээд өгдөг. Хэтэрхий их хүчирхийлэлтэй киноноос шууд татгалздаг. Түүний оронд аль болох хүнд сайн сайхан, гэрэл гэгээ, итгэл өгөх тийм кинонд тоглох дуртай.
Асуулт: Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн 30 гараад жинхэнэ утгаараа бүрэлддэг гэдэг. Тиймээс яг энэ үед кинонд нүцгэлэх санал ирвэл зөвшөөрөх үү?
Хариулт: Одоо нүцгэлэхгүй гэж бодож байгаа.
Асуулт: Яагаад?
Хариулт: Яахав дээ. Дороос  зөндөө жүжигчид гарч ирж байна шүү дээ.
Асуулт: Харин энэ чинь л өрсөлдөөн биз дээ.  Тиймээс л хүний эхнэр, ээж болж ид залуу насны гоо үзэсгэлэн бүрдсэн энэ үед таныг нүцгэлж чадах уу гэж асууж байгаа юм л даа?
Хариулт: Би их л бодно доо. Гэр бүлийнхээ хүнтэй зайлшгүй зөвлөх хэрэгтэй. Нөхрийнхөө үгний би 70 хувийг авна. Өөрөө сонирхоод тэр кино таалагдаад энэ кинонд л тоглох юмсан гэж бодогдох юм бол саналыг хүлээж авна. Гэхдээ за гэж хэлэхэд 10 хувьтай л байх даа.
Асуулт: Өнөөдөр таны босгосон гэр бүл, өөрөөр хэлбэл, хань Баярсайхан тань өөрий чинь мэргэжлийн ажилд яаж ханддаг вэ?
Хариулт:. Би урьд нь ажил нэгдүгээрт, амьдрал хоёрдугаарт гэж боддог байсан. Тэгээд гэр бүлтэй болсноос хойш амьдрал нэгдүгээрт, ажил хоёрдугаарт гэдгийг ойлгосон. Ямар нэгэн кинонд тоглох болоод кино зохиол уншаад дараа нь “Баяраа чи үүнийг нэг уншаатахаарай” гэхэд шөнө ч хамаагүй сууж байгаад уншдаг. Тэгээд харилцан бодол санаагаа хуваалцаж зөвлөдөг. Миний ажлыг ерөөсөө үгүйсгэдэггүй. Амьдралын маань хамгийн сайн зөвлөгч бол миний хань. Тийм болохоор би өөрийгөө хамгийн азтай эмэгтэй гэж боддог. Ер нь хүнд сайн хань заяа нь гэдэг бол бурхны хишиг шүү дээ.
Асуулт: Урд хөрш хэдийнэ өөрий чинь танил болжээ. Олон жүжигчдээс сонгогдож чадаж байна. Энэ бол сайн чанар. Дараагийн алхмаа хэрхэн төсөөлж байна даа?
Хариулт:  Бага багаар ахиж л байна. Дээшээ өсөж дэвших хэрэгтэй. Ингэх нь надад ч ганцхан хэрэгтэй биш шүү дээ, би хойно байгаа хүмүүсийнхээ замыг зөв засах хэрэгтэй. Ер нь хүн хормын төдийд амьдардаг шүү дээ. Тиймээс би байгаа хугацаандаа хүнд хэрэгтэй л юм хийх юмсан гэж боддог. Тэр бол хүнд байх ёстой бодол гэж бодож байна. Хүнд муу юм хийх ямар хэрэгтэй юм бэ. Хүнд ямагт сайн санаж явдаг, худлаа хэлэхгүй, шулуун шударга, аливаа юманд чин сэтгэлээсээ хандаж, хүнд хэрэгтэй хүн байх юмсан гэж боддог доо.
Асуулт: Хамгийн өрсөлдөөнтэй салбар бол урлаг. Тэнд нэр төр олохын төлөө “Хоролмаа”-дах энүүхэнд байдаг байх. Таныг ийм өрсөлдөөн хэр их дайрдаг вэ?
Хариулт: Би тийм ч их шартай, хортой хүн биш. Айхтар муу авир зан надад байхгүй. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Өөрийгөө бодохоос илүү өрөөлийг бодох гээд байдаг юм. Ямар нэгэн өрсөлдөөн бий болоход за яахав, би заавал үүний төлөө зүтгээд яах юм бэ, дараа нь надад үүнээс илүү боломж олдоно шүү дээ гэж боддог. Угаасаа л хүн хүнд тохирсон хувь гэж байгаа. Хүн түүнийгээ л эдлээд явах хэрэгтэй. Заавал хүний хувь рүү гар дүрэх гээд зүтгээд байх хэрэггүй. Би бол яардаг ч үгүй, алгуурладаг ч үгүй.
Асуулт: Жүжигчин хүн байнга камерын өмнө, тайзан дээр байдаг. Энгийн байхдаа, гэртээ байхдаа яг хэн болдог вэ?
Хариулт: Гэрийн эзэгтэй. Гэрийн эзэгтэй хүн юу хийх ёстой байдаг, тэр бүгдийг л амжуулахыг бодно шүү дээ. Гэрийнхэндээ хоол ундыг нь хийж өгнө, хувцас хунарыг нь угааж цэвэрлэх гээд л …
Асуулт: Ер нь эмэгтэй хүнийг брэнд чимдэг юм уу, эмэгтэй хүнийг эмэгтэй хүн өөрөө чимдэг юм уу?
Хариулт: Эмэгтэй хүн өөрөө өөртөө л чимэг. Хэтэрхий их чимэг, хэтэрхий их илүү дутуу юм хүнд гоё чимэг болохоосоо илүү тээр садаа болоод байгаа юм шиг надад санагддаг. Эмэгтэй хүн сайхан сэтгэлтэй, дотроосоо гэрэлтэж байвал сайхан харагдана. Тэгэхдээ тохирсон газраа тохирсон зүйлээ л өмсөх хэрэгтэй.
Асуулт: Хүүхнүүд хааяа нийлж суугаад хошуу холбодог шиг найз бүсгүйчүүдтэйгээ уулзаад шивнэлдэх боломж гардаг уу?
Хариулт: Гардаг. Найз гэдэг хүнд чухал учраас би найз нөхөддөө яаж ийж байгаад зав гаргадаг.
Асуулт: Олон найзтай юу?
Хариулт: Найзаар минь намайг таньдаг гэдэг шиг санаа сэтгэл нийлсэн, нэг нэгнийхээ төлөө байж чадах тийм хүмүүс л найзууд болно. Тийм найз надад цөөхөн. Танил бол олон байгаа. Тиймээс найзууддаа би зав гаргадаг. Нэг нэгнийхээ ахуй амьдралыг асууж сураглаж, сэтгэл санаагаа солилцож суух нь надад таалагддаг.
Асуулт: Анхням жүжигчний амьдралдаа авсан хамгийн том бэлэг юу вэ?
Хариулт: Хүн болж төрсөн минь хамгийн том бэлэг. Ээждээ баярладаг. Өглөө болгон мандаж байгаа нарыг харж байгаадаа би баярладаг. Амьдарна гэдэг сайхан шүү дээ.
Асуулт: Энэ амьдралд бид ирсэн шигээ хэзээ нэгэн цагт буцна. Буцах үед энэ амьдралд хоргодох зүйл таны хувьд юу вэ?
Хариулт: Би ёстой ингэж бодож байсангүй. Тэгэхдээ амьдралд ирээд буцахдаа харамсах юмгүй л байх хэрэгтэй. Бие нь муудаад  байхдаа өвөө маань амьдралаа эхнээс нь төгсгөл хүртэл бодсоноо ярьсан юм. Өчүүхэн зүйлийг ч бүгдийг нь бодсон болов уу. Манай ээж 2 төгрөгийн үнэтэй хүүхэлдэй авъя гэж л дээ. Тэрнийг нь манай өвөө авч өгөөгүй гэсэн. Ээж нялх байсан гэдэг чинь бараг 50 жилийн өмнөх явдал. Тэр үед охиндоо хүүхэлдэйг нь аваад өгчихгүй яав даа гээд нулимс нь цийлэгнээд байж билээ. Өвөө маань амьдралынхаа хором мөч бүрийг эргүүлж бодсон байгаа биз. Тэгэхээр тэр цаг мөчтэй тулгарахад өнгөрсөн амьдралдаа юунд ч харамсахгүй байх юмсан гэж бодож байна.
Асуулт: Өнөө цаг бол өнгө мөнгөний цаг. Өнөөдөр мөнгөтэй хүн юу ч хийж болдог болсон. Мөнгөтэй хүн өнөөдөр энэ Монголын бүхий л сайхан бүсгүйчүүдийг урхидаж чадаж байна. Ийм санал өөрт чинь ирж байсан уу?
Хариулт: Би тийм мөнгөний сонирхолтой хүн биш. Манай өвөө, эмээ надад хэлдэг байсан. Хүн хүнтэй л суудаг юм шүү. Тэр хүн хэн ч байж болно. Засварчин ч байж болно, слесарьч байж болно, хог шүүрддэг хүн ч байж болно. Хамгийн гол нь хүнтэй л суух хэрэгтэй. Тэгж байж л чи сайхан амьдарна. Мөнгөтэй хүн суудаггүй л байхгүй юу, юу гэж хүн цаастай суух юм.  Тэгээд ч мөнгө хүнд аз жаргал, эрх мэдэл авчирдаг ч гэсэн яг түүнээсээ хоёр дахин их зовлон чирдэг юм шиг надад  санагддаг.
Хүн аймаар их мөнгөтэй боллоо гээд хүний иддэгийг  иддэг хэмжээгээр л иднэ шүү дээ. Гурав дахин илүү идэхгүй. Хүний өмсдөгийг өмсөөд, амьдардаг насаар л амьдарна. Мөнгөтэй байх нь зөв, тэр хүн хөдөлмөрч байна, сайн байна, амьдралаас юмыг олж авч чадаж байна сайн хэрэг. Тэгэхдээ тэр мөнгийг зарцуулах ухаан байх хэрэгтэй. Хүний мөнгөнд шунана гэдэг бол угаасаа утгагүй. Хүний юм хэзээд хүнийх  л байдаг.
Асуулт: Охин үр өсөхийн хэрээр ээждээ найз болдог. Одоо би чамайг өдий насан дээрээ ээжтэйгээ найз болсон байх аа гэж ойлгож байна. Ер нь ээжтэйгээ хэр дотно вэ?
Хариулт: Би ээжтэйгээ хамгаас илүү дотно. Манай ээж тэгдэг юм, миний хүү нэг биенд чинь хоёр амь байгаа шүү. Чи байхгүй бол би байхгүй шүү гэдэг байхгүй юу. Тэгээд миний бүхий л юм ээжийн маань бүх сэтгэл зүрх, бүх амьдралын, амьд яваагийнх нь утга учир нь болдог юм. Нээрээ л миний биенд хоёр амь явж байдаг.
Асуулт: Ээжийгээ баярлуулъя гэсэн сэтгэл үр болгонд байдаг.  Чи ээжийгээ хэзээ хамгийн ихээр баярлуулсан гэж боддог вэ?
Хариулт: Би тэгж баярлуулж чадаагүй байх аа. Гэхдээ миний гаргаж байгаа амжилт болгонд ээж маань баярладаг. Ээжийгээ баярлахыг хараад би бас баярладаг. Миний амьдарч байгаагийн утга учир нь гарч байна даа гэж боддог. Учиргүй ихээр баярлуулж байгаагүй ч гэсэн бага багаар баярлуулъя гэж боддог, бас ээжийнхээ амьдралд жижигхэн ч гэсэн тулах цэг нь болж байгаа байх гэж өөрийгөө боддог.
Асуулт: Хүү тань жүжигчин болъё гэвэл та хүлээж авах уу?
Хариулт: Хүүхэд өөрөө юу хүссэн юмаа л хийх хэрэгтэй. Би бол тэр асуудалд оролцохгүй. Жүжигчин болох гээд байвал аль болох дэмжинэ. Тэгэхдээ би жүжигчин болно гэж бодохгүй байна. Өөр мэргэжил сонгох байх.
-Илэн далангүй ярилцлага өгсөнд баярлалаа. Урлагийн тэнгэрт хүссэн өндөрлөгтөө хүрээрэй гэж ерөөе.

Эх сурвалж: “Ниймгийн толь”

0 сэтгэгдэл:

Post a Comment