SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, February 27, 2012

Монголчуудын ирээдүй цагаачлал уу



Монголчуудын ирээдүй цагаачлал уу
Чингисийн удам Хятадуудад дарлагдаж байна

Дэлхийн өнцөг булан бүрт Монголчуудын удам бий гэдэг..........

 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй  
........... Дэлхийгээр тархсан арав шахам сая Монголчуудаас ОХУ, БНХАУ-ын дунд хавчуулагдсан 1.5 сая хавтгай дөрвөлжин нутаг дээр байгаа 2.7 сая Монголчууд л өнөөгийн албан ёсны Монгол гэдэг паспорттой. Чингэсийн удам гэдэг нэрийг дэлхий дахинд хэрэглэх эрхтэй. Тэд НҮБ-д Монголчуудыг төлөөлдөг ганц улс.

Монгол орон хэдэн үеэрээ бэтгэрсэн харь Монголчуудын ясаа тавих хүсэлтэй ганц газар. Харамсалтай нь тэдний хойд насандаа ч болов хөл тавьж үзэх гээд байгаа Монгол Улс нь 300 жил хятадуудын, 100 жил оросуудын дарлалд байсан гэдгийг харийн Монголчууд тэр бүр мэдэхгүй. Харин өнөөдөр тэдний ганц мэдэж байгаа зүйл нь Монголд очвол баяжина. Яагаад гэвэл дэлхийд байхгүй их хэмжээний байгалийн баялаг илэрсэн. Монголдоо очвол эрх чөлөөтэй амьдарна. Яагаад гэвэл АНУ тэргүүтэй барууны томчуул өдөр шөнөгүй айлчилж байгаа. Харьд суугаа элэг нэгтнүүд маань ингэж сэтгээд зогсохгүй, Монголыг үзээгүй олон сая жуулчид ингэж сэтгэдэг.

Гэхдээ тэд сайхан царайтай шулам байдаг, хуурамч мөнгө жинхэнэ мөнгөнөөсөө гоё харагддаг гэдгийг мэддэг. Хайнанд өдөрт гурван мянган ногоон цацсан жуулчин, Монголд арав хонохдоо ганц мянган ногоон зарчихаад “Гэртээ байсан бол Хайнанд cap амрах мөнгө хийх байлаа" хэмээн харамсч байна. Энэ бол дэлхийн хэдэн зуун сая хүн үзэхийг мөрөөддөг өнөөгийн ориг Монголчуудын нутаг, тусгаар тогтносон Монгол Улсад ирсэн жуулчны үг. Жуулчид Африкийн шугуй, Арабын дайныг үзэх гэж амь насаа ч үл хайрлан хөрөнгө, цагаа хайрладаггүй. Үхэхээс бусдыг үзсэн жуулчид Азийн цагаан дагинад ирчихээд харамсдаг нь юуных вэ. Тэдний яриагаар бол Монголчууд найман настаас эхлээд наян наст нь хүртэл эх орон, ард түмнийхээ төлөө өдөр, шөнөгүй тарчилж байгаа ард түмэн. Эрхэм гишүүд нь эх орноо магтан төрийн сүлд дууны үг зохиодог бол эмс охид нь эх орныхоо төлөө хятадуудад биеэ үнэлнэ. Ингэлээ гээд нэг хүнд ногдох баялагаараа тэргүүлдэг цөөн Монголчуудын тал нь ядуу. Тал нь туршилтын оготно мэт нүүрсний утаа тэмтчин амьдарч байна.

Сүүлийн зуун жил Монголчууд хууль эрх зүй, эдийн засгийн хүрээнд оросуудын хараат байсан бол өнгөрсөн 15 жил үндсэндээ хятадуудын хараат болж хувирч байна. Оросууд илээр захирдаг байсан бол хятадууд үл үзэгдэгч гараар удирдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэн нэгэн Монгол даргын дэргэд нэг ч хятад зөвлөх харагдахгүй боловч хууль нь ч, эдийн засаг нь ч хятадуудад л ашиг авчрах боломж бүрдүүлнэ. Хятадууд хорь хүрэхгүй жилийн дотор оюун санаа, бие бялдрын хувьд санаанд оромгүй өөрчлөгджээ.

Монголчуудын хятадуудад хандах хандлага ч маш их өөрчлөгдөв. Оросын перестройка Монголд халдварлаж байх үед нийгмийн бүх давхарга хятадуудад таагүй ханддаг байсан. Өнөөдер хэн нэгэн Монгол дарга хятад хүргэнтэй байх нь өмнөх нийгмийн орос эхнэртэй дарга шиг л энгийн үзэгдэл. Ямар ч хятад хэн нэгэн Монголыг машинаараа хөөгөөд егүүтгэхэд ялаа алсан төдий ял аваад өнгөрнө. Гэтэл хятадад машинаар Монгол хүн дайрч алсан хятад иргэн шүүхгүйгээр шахам цаазын ял авч байна. Нийслэлд хэсэг хятад төрийн цагдааг зодчихоод "нутаг буцах" хүнд ял авсан. Нийтийн хоолны зах зээлийн ихэнхийг эзэлсэн хятадууд сарын цалин гэх 100 хүрэхгүй ногооноор Монгол охидыг цалинжуулж "буян үйлдэж" гэдсийг жаргаана. Харин шөнийн цагаар арав хүрэхгүй "ногооноор нурууг нь тэнийлгэнэ". Эрдэнэтийн иргэдэд хаягдал шороо ч олдохгүй байгаа бол захын хятад нийслэлд зоогийн газар, зочид буудлын эзэн болчихсон пээдийнэ. Түүгээр ч зогсохгүй Монголын хамгийн том төмрийн ордын эзэн болж чадна. Архи, тамхин дээрээ Чингэсийн зураг наасан Монголчууд ертөнцийн талыг эзэлж явсан Чингэсийн удам гэж гайхуулдаг. Хятадууд цагаан хэрмээ бус Эрээний торон хаалгаа хаачихад л Монголчууд турж үхнэ. Энэ бүхнийг харсан орчин цагийн хятадууд Чингэс Монгол бус хятад гаралтай хэмээн Монголчуудыг доромжилж байна. Энэ бүхнийг харсан барууны ертөнц "Монголд хэн жаргалтай вэ" гэсэн асуултад "Хятадууд" гэж хариулж байна.

Өрөм ба хусам


Дээрх зовлон бол Монголчуудад хятадуудаас учруулж байгаа дарамтын өчүүхэн хэсэг. "Азгүй хүнд арслан олон" гэдэг шиг ядарсан Монголчуудад төр нь бас нэг арслан болж хувирсан. Сүүлийн үед төр засаг маань мөнгийг ус шиг шанагадаж, шороо шиг цацаж байна. Оюутнуудад 500, иргэн бүрт 21, хүүхэд төрүүлсэн бүрт 70 мянган төгрөг тараах өргөн фронт нээсэн. Инээдтэй нь энэ их мөнгийг дэлхийд томд тооцогдох ордоо өгсөн компаниас зээлнэ. Түүнийхээ хажуугаар удахгүй ордууд ашиглалтад орж, улам илүү их мөнгө цацахаа амлана. Энэ бүхэнд итгэсэн Монголчууд нэгэнт олдохгүй хувьцаа, газар, байшин мэтийг мөрөөдсөнөөс, зүгээр өгч байгаа нохойн хоолноос дээрдэх юмгүй хэдэн төгрөг аваад хэвтэж байхыг илүүд үзэж байна. Гэхдээ тэд энэ мөнгөөрөө халбага наранцэцэгийн тос, үмх хятад гоймон идэж, дөнгөн данган хоног төөрүүлж байгаа. Хачирхалтай нь энэ хугацаанд цөөн тооны хөрөнгөжсөн Монголчууд, гадныхан, төр засаг Монголын ирээдүй болсон газар шороо, байгаль орчин, түүний баялагийг дахин сэхэхгүй болтол нь сүйрүүлж байгааг Монголчууд үл анзаарна.

Тэр тусмаа том ордуудын талаар явуулж байгаа бодлого нь хятадуудад л өндөр ашиг авчирна. Хоёр толгойн ашиг хэнд очихыг одооноос урьдчилан харж болно. Рио Тинто дэлхийд нэртэй том компани гэдэг нь маргашгүй үнэн. Гэхдээ ямар ч тохиолдолд тэд коммунистууд биш болохоор ашгийн төлөө л явна. Хятадууд тэдэнд хэзээ ч хууртахгүй. Рио Тинтогийн төлөөлөгч анх Айвенхоу майнзын төлөөлөгчтэй уулзаж гэрээг нь үзсэн гэдэг. Үүнийхээ дараа "Энэ гэрээ Монголчуудад ашигтай гэрээ болсон" гэж даапаалсан байдаг. Даапаалсан гэдгийн учир нь Рио Тинто өнөөдөр тэр ашиггүй гэрээг худалдаж авахаар улайран зүтгэсээр, санасандаа хүрч байна. Дээрх компаниуд дэлхийд олон оронд "ашиггүй" гэрээг худалдаж авдаг эсвэл худалдаж авдагт Монголчуудаас өөр хэн ч итгэхгүй. Хэрэв тэд үнэн ярьж байгаа бол Хятадын засгийн газартай байгуулсан гэрээгээ Монголчуудад үзүүлэх учиртай.

Өнөөдөр Энержи ресурс төрөөс нэг ч мөнгө авахгүйгээр дэд бүтэц, үйлдвэр, нийгмийн асуудлаа шийдээд, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болсон. Харамсалтай нь тэд дэлхийн зах зээлд гаргах боломж алга. Учир нь бидний мэдэлд эзэмшлийн тал эрх нь байдаг УБТЗ зөвхөн хятадуудад л үйлчлэх боломжтой. Энэ тохиолдолд Энержи ресурсын бүтээгдэхүүний үнийг өмнөх шигээ хятадууд л тогтооно. Өнгөрсөн хоёр жилд ногоон далайд живэх шахсан Засгийн газар хэд л бол хэдэн төмөр зам тавих боломж байсан. Хэрэв өнөөдөр хоёр туйлтай төмөр зам байсан дэлхийн зах зээлийн үнээ биш гэхэд хятад үнээс хоёр дахин үнэ хүргэх боломж байсан. Эндээс толгодоос хэн хамгийн их ашиг хүртэх вэ гэсэн асуулт гарна. Их хэмжээний ногоон Монголын Засгийн газарт зээлүүлсэн Рио тинто, Хятадын компаниуд зээлээ хүүтэй нь буцаан авч багагүй хэмжээний ашиг олно. Дээр нь хятадууд манайхаас авсан зэсийн баяжмалаа боловсруулж, хэд дахин биш, хэдэн арав дахин их ашиг олно. Тэд өдөр, цагаар нэмэгдэж байгаа дотоодын хэрэгцээнийхээ нэг хэсгийг хангана.

Саяхан БНХАУ-ын ирээдүйн удирдагч болох өндөр магадлалтай Си Жинпин АНУ-д айлчлахдаа хятадууд гадаадын хөрөнгө оруулалт, зах зээлийг нэг их сонирхохгүй байгаагаа илэрхийлсэн. Дотооддоо хангалтай зах зээл байгаа тухайгаа ацаггүй мэдэгдсэн. Үнэн хэрэгтээ дотоодын хэрэгцээгээ хөсөр орхин гадаад зах зээл рүү хэт хошуугаа дүрсэн Хятадын удирдагчид ядуурал Арабын хувьсгалаас өөр юу ч авчирдаггүйг урьдчилан харж байгаа юм. Гэхдээ тэд энэ хугацаанд техник, технологи, мэргэжилтнүүдийг барууны ертөнцөөс хангалттай хулгайлж чадсан. Манайхаас ялгаатай хэн нэгэн хятад иргэн, ямар нэгэн юм сэдээд өөрийгөө тэжээгээд явбал үг дуугүй дэмжинэ. Одоо иргэдийнхээ амжиргааны чанарыг дээшлүүлэхэд Хятадын удирдлагад ямар нэгэн мөнгөн тэмдэгт биш, түүхий эд, тэр тусмаа зэс, нүүрс, төмөр эхний ээлжид хэрэгтэй. Энэ бодлогоо хэрэгжүүлэх томоохон талбар бол Монгол Улс. Тэд Оюутолгойн зэсийг авахдаа Рио тинто, Монголын Засгийн газрын аль нь ч хүсэхгүй байгаа эрчим хүчний эх үүсвэр дээр тоглоно.

Рио тинто бол хоноц. Түүнд эрчим хүчний эх үүсвэр, зэс боловсруулах үйлдвэр байгуулсанаас бэлэн хүдрийг өмнөд хөршийн хашааг давуулж шидэх нь ашгаа хоёр дахин нэмэгдүүлж, ашиг олох хугацаагаа хоёр дахин багасгана. Хөгшид "Монголчууд хятадуудтай ашигтай наймаа хийх тавилангүй" гэж ярьдаг байсан. Үнэн байж мэднэ. Гэхдээ өнөөдрийн хувьд "хятадууд биднийг шулж байна" гэснээс, "бид өөрийн хүсэлтээр хятадуудад шулагдаж" байна гэвэл үнэнд нийцнэ. Бид Рио тинтогоор зэс, эрчим хүчний үйлдвэр бариулж болно. Энэ тохиолдолд балга усгүй сэглүүлсэн говьтой үлдэнэ. Дээр нь ашиг хүртэх нь бүү хэл хэн ч ашиглахгүй цахилгаан станц, зэсийн үйлдвэрийн үнэ төлөх өртэй үлдэнэ. Учир нь хятадад гаргасан үнээс зуух яндан, лаа, шүдэнзний ашиг олно. Энэ жаахан ашгаа Рио бидэнд өгөхгүй. Эрчим хүч, зэсийн үйлдвэр бариад дуусахад зэсийн ордоо ч ухаад дуусна. Тэд эрчим хүч, зэсийн үйлдвэр барьчихаад хоёр дахин үнийг нь нэмээд, бидний өмнө нь авсан хэдэн тэрбумын өрөн дээр нэмээд биччихнэ. Хэзээ ч тэд оросууд шиг 250 саяар арван тэрбумаа цайруулахгүй. Хятадууд ингэж л Монголчуудын өрмийг идээд, хусамыг нь өөрсдөд нь үлдээдэг байж.

Монголчуудын ирээдүй цагаачлал уу...

Дэлхий даяаршиж байна. Манай эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах бүртээ Монголчуудыг тус улсад визгүй зорчуулах хүсэлт тавьдаг. Нөгөөдөх нь 20 жил "судалж байна" гэсэн хариу өгдөг. Үнэн хэрэгтээ судлаад байх ямар ч сонирхол америкуудад байхгүй. Өнгөц харахад Монголчуудыг визгүй зорчуулаад бусдыг нь оруулахгүй гэдэг нь ёс зүй болон хууль эрх зүйг зөрчинө. Гэхдээ америкууд хүсвэл хуульгүйгээр юу ч хийж чадна.

АКА-гаас өөр зэвсэггүй Иракийг атомын зэвсэгтэй гээд эзэлж чадна. Аальгүйтсэн Валютын сангийн ерөнхийлөгчийг хүчин хийсэн гээд хэлмэгдүүлж, хоолноос нь салгаж чадна. Тэд зүгээр Монгол нэрээр АНУ-д дахин хэдэн арван хятад хороолол үүсэхээс болгоомжилдог. Нийслэлийнхэн гадаадад гарсан.

Хөдөөгийнхөн хотыг зорьж байна гэсэн олон зохиол байдаг. Үнэн хэрэгтээ хөдөө мал бүү хэл хүн нь гишгэх эрхгүй болсон. Талын Монголчууд, хатаж үхснээс хордож үхэхийг илүүд үзсээр нийслэлдээ шавж байна. Ингэлээ гээд тэд барын амнаас гараад, чонын аманд орсонтой ялгаагүй. Нөгөө л хятадууд хөөсөн байшин, өттэй хоолоо бариад угтана. Монголчуудад хоёр зам үлдэж байна. Уул уурхайн баялаг дуусаад, их зөнч Д.Дэмбэрэлийн кинонд гардаг шиг толгойныхоо карт уншуулж балга ус, үмх агаар хүртдэг цаг хүртэл тэсэх. Эсвэл Ирак, Афган. Сири, Ливид очиж Ардчилсан холбоо байгуулж үе удмаа үлдээх.

Залуус өнөөдөр гадаадад гарахыг хүсч байна. Тэд ямар ч үнээр хамаагүй эх орноосоо дүрвэхийг хүсч байна. Засгийн газар Зөгийн үүр байгуулж гадаад дахь Монголчуудыг эх орондоо авчрах зорилгоор олон зуун сая төгрөг гаргасан. Өнөөг хүртэл ямар үр дүн гарсан тухай мэдээ алга. Гарах ч үгүй байх. Учир нь Монголчууд зөгий биш. Зүйрлэж болно л доо. Гэхдээ зөгий цэцгэн дээр цугладаг шүү дээ. Гэтэл манайд цэцэг нь бүү хэл хөрс нь гадныханы гарт орсон байна шүү дээ.

Х.Баттөгс

0 сэтгэгдэл:

Post a Comment