SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, February 27, 2012

Д.Сумъяабазар чөлөөтийн дэвжээндээ дэндүү хайртай


Монгол Улсын аварга, чөлөөт бөхийн ОУХМ, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга, МЧБХ-ны тэргүүн 32 ерөнхийлөгч Долгорсүрэнгийн Сумъяабазар. Аварга маань ......

 
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 
.......... хэдийгээр барилдахаа больсон ч өөрийн залуу нас, итгэл  сэтгэлээ зориулсан чөлөөт бөхийн хөгжлийн төлөө бие сэтгэлээ чилээж буй. Их ажлынхаа хажуугаар бидний урилгыг хүлээн авсанд нь талархсанаа дахин илэрхийлье. Аварга ‘Танай сонинд анх удаа ярилцлага өгч байна. Спортын сэдвээр, тэр тусмаа Монголын нүүр царай болж, эх орноо дэлхийд таниулсан авьяаслаг хөвгүүдийн ярилцлагыг танай сониноос олж уншдаг. Үүнд талархалтай байдаг” гэснээр бидний ярилцлага эхэлсэн юм.
СОЦИАЛИСТ НИЙГМИЙН СҮҮЛЧИЙН БҮГЭЭГДЭХҮҮН
-Монголын спорт нэг үеэ бодоход сэргээд ирлээ. Төр засгаас харж үздэг болж, Холбоод ч сайн ажиллаж байна. Харин таны залуу нас өнгөрсөн зууны сүүлч, энэ зууны эхэнд зах зээлийн хүнд үед өнгөрсөн. Одоо цагт төрсөн бол гэж хааяа ч гэсэн бодогддог уу?
-Монголын спортын сэргэлтийн үе ирсэн. Төр засгийн зүгээс анхаарал тавьж, маш ихдэмжлэг  үзүүлж, Холбоод ч сайн ажиллаж байна. Цаг сайхан болж дээ. Миний үеийнхэн нэг нийгмээс нөгөөд шилжсэн үеийн хүүхдүүд юм даа. Социалист нийгмийн сүүлчийн бүтээгдэхүүн бид ардчилсан нийгмийг анхлан амссан. Хуучин нийгмийн үед спорт төр засгийн 100 хувийн дэмжлэг дор явдаг байсан. Харин зах зээлийн үед бие даах үйл ажиллагаа явуулах болсноор бэлтгэл сургуулилалт тогтмол хийх нөхцөл бололцоо, үүнд тогтмол шаардагдах эм тариа, витамин, хувцас, гадагшаа тэмцээнд явах зардал мөнгөний асуудал зэрэг хүндрэл ар араасаа гарч ирсэн. Тухайн үед Монгол Улсын маань эдийн, засгийн нөхдөл ямар хүнд байлаа. УИХ дээр бараг Улаанбаатар хотыг яаж хөлдөөхгүй авч гарах тухай яригддаг байсан. Бид ийм  үед бөхийн спортод бүхнээ зориулж, өөрсдийн хүсэл тэмүүллээр амьдарч явлаа. Төрийн албан хаагчид ганзагын найманд явж хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгуулж байсан үе. Ийм зүйл спортод ч тохиолдож  дасгалжуулагчид, тамирчидгүй явсан. Яваагүй нь Б.Гантогтох, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Ц.Цэрэнпунцаг, И.Доржсамбуу, М.Жамъянпүрэв бид хэд мэтийн залуус байлаа. Төр засаг одоогийнх шиг мөнгөтэй болоод, спортыг ойлгодог, дэмждэг үе байсан бол илүү амжилт гаргах байсан нь гарцаагүй.
-Ц.Сүхбат гарьдын ярилцлагыг уншиж байсан. Сумъяабазарыг 1996 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд  өөрийн зардлаар очиж барилдаад  мөнгөн медаль хүртэхэд их баярласан”  гэж ярьсан байсан.
-1995 онд С.Батболд захирал (Монгол Улсын Ерөнхий сайд) -ын тушаал гарч, би “Алтай трейдинг” компанийн тамирчин болсон. Тэр хүнд үед С.Батболд захирал МЧБХ гэдэг том айлыг толгойлж, энэ спортыг хөгжүүлэх үйлсэд сэтгэл зүрхээрээ оролцож байлаа. 1996 онд БНХАУ-ын Сяошаньд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох миний зардлыг “Алтай трейдинг” компаниас гаргаж байсан юм.
-Тэр тэмцээнээс та Атлантын олимпод оролцох эрхээ авсан уу?
-Тийм ээ. Эхний дөрвөн байрт орж эрх авах байсан. 1996 оны Атлантын олимпиос эхлэн чөлөөт бөхийн тамирчид эрх авч оролцдог болсон юм. Орчин үеийн олимпийн наадам анх 1896 онд Грекийн Афин хотод болсны 100 жилийн ой тохиосон болохоор түүхэнд “Алтан” хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Үүнд оролцох хүсэл тамирчин бүрт л байсан байх.  Б.Гантогтох маань медаль хүртэнэ гэж яригдаж байлаа. Би Сяошанийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Ираны алдарт бөх Аббас Жадидид ялагдан мөнгөн медаль хүртсэн. Ираны бөхчүүд их онцлогтой. Нойтондуу барилдаантай, хурдтай, тэсрэлттэй, техник сайтай.  Жадидитай анх удаа барилдахдаа өөрийнхөө юу чаддагийг үзүүлэхийг зорьсон. Намайг бодоход олон тэмцээнд оролцсон, алдаа оноогоо дугнэчихсэн, туршлагатай байсан болохоор буурь заагаад ялсан байх.

АТЛАНТЫН ДЭВЖЭЭ НАДАД ИХИЙГ ОЙЛГУУЛСАН
-“Алтан” олимпийн тухай ярилцья. Та Монголын багийн тугчаар ажиллах болсноо хэзээ мэдсэн бэ?
-Наадмын өмнөхөн МҮОХ-ны ерөнхийлөгч С.Жамц дарга хэлсэн. Дотроо баярлаж л байлаа. Баярлахын хажуугаар эмээж байсан. Монголын далбаа яаж намирахаас тамирчдын хийморь сүлд шалтгаална гэсэн сүсэг байсан юм. Улсынхаа тугийг бариад тамирчдаа манлайлаад алхана гэдэг сайхаан.
-Та туг барихдаа Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аваргуудын адил ундэсний бөхийн өмсгөлтэйгөө байсан. Монгол бөхийн зодог, шуудгийг гадныхан ихэд сонирхсон байх?
-Тийм шүү. Аль ч газрын үндэсний хувцас өөрөө их сонирхолтой.
-Та олимпийн наадмын эхний даваанд аваргалах ерөөлтэй Курт Энглтэй таарсан. Тэр өмнөх жилийнх нь ДАШТ-д түрүүлээд байснаас гадна нутгийн дэвжээн дээрээ барилдсан. Хүнд сугалаа татаагүй бол амжилт арай өөр байх байсан болов уу?
-Хэлж мэдэхгүй юм. Би 1996 онд Азийн аваргаас гадна Иван Ярыгиний тэмцээнд медалийн  төлөө барилдаж, Ясар Догугийн тэмцээнээс хүрэл медаль хүртээд байсан. Гадныхантай гар зөрүүлээд үзчихсэн, ерөнхий багцаа байлаа. Тэр жилээс л 100 кг-ын жинд барилдаж эхэлсэн юм шүү дээ. Эхний даваанд өмнөх жилийнх нь дэлхийн аварга, ид жигдэрч явсан Энглтэй нутгийнх нь дэвжээнд таарсан нь чанга оноолт ч нэг талаараа сайхан хэрэг юм. Олон жил барилдахдаа Энглтэй таарч үзээгүй бөх олон байгаа. Босоогоос тэнцүү үзээд хэвтээ барилдаанаас оноо алдаж ялагдсан. Монгол хүн “Зөөлөн боорцог” биш шүү гэдгийг харуулснаас гадна өөрийнхөө хэмжээг мэдэж авсан.
-Та их урам авчээ?
-Тийм шүү. Түүнтэй ойролцоо хэмжээнд барилдаад ялагдсан нь надад их урам өгсөн. Энглтэй ингэж барилдсан юм чинь бусадтай нь бол үзэх юм байна гэсэн бодолтой болсон байлаа. Атлантын дэвжээ надад ихийг ойлгуулсан.

-Та дагах барилдаанд Словакийн Милан Мажач, Гүржийн Заза Ткешелашвилиг ялж медальд чамгүй ойртсон. Харин Беларусийн Сергей Ковалевскийн хөлийг авч яваад цэвэр даруулсан байдаг?

-Би Н.Ганбаатар багшаасаа хөлийг ямар л бол ямар байдлаас авах эрдмийг сурсан. “Хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ” гэдэг шиг ямар ч үед хөл рүү явдаг болчихсон байсан (инээв). Хөл их авдгаасаа болж жаахан орооцолдсон барилдаан хийдэг байлаа. Беларусийн бөхтэй орооцолдож явж байхдаа мэдрэмжийн алдаа гаргаж, холбуулаад даруулчихсан. Барилдаан эхлээд удаагүй байсан.
-Аваргын төлөө Энгл, Жадиди хоёрыг барилдахыг хараад юу бодогдов. Та Энглтэй дахин хүч үзсэн үү?
-Надад ойрхон байна гэж мэдрэгдсэн. Түүнээс хойш Энглтэй таараагүй ээ. Тэр ч удалгүй мэргэжлийн бөх болж, том од болсон.

ЧӨЛӨӨТ БӨХӨӨР БИДНИЙ ҮЕИЙН ТОЛГОЙ НЬ Б.ГАНТОГТОХ БАЙСАН
-Тэр олимпод монголчуудын чөлөөт бөхийн гол найдвар нь Б.Гантогтох байсан уу?
-Тэр чөлөөт бөхөөр бидний үеийн толгой нь байсан. Барилдааны арга техник, тактик, ачаачал даах чадвараар илүү. 1994 ондТурюпш Стамбулд болсон ДАШТ-д ОХУ-ын Махарбек Хадарцевтай барилдаж тавдугаар байрт орсон. Би хувьдаа Ганааг 1995 оны Атлантын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн л гэж боддог. АНУ-ын Метвин Дугласыг ялсан ч оноог нь өгөөгүй юм. 1996 оны Сяошанийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Ираны Расул Хадемтай хийсэн барилдааныг хүн болгон л харж байсан. Би тэр барилдааныг дэргэдээс нь харсан. Манай Ганаа шагайгаар уран авдаг. Тэгж хоёр авч 2:0-ээр ялж явсан. Расул өөрөө болих гээд байхад дэвжээнд авч гарсан ах Амир Хадем нь шахсаар байгаад барилдуулсан. Хадем хөл авдаг үндсэн мэхээ хийгээд Ганаагийн шагайг жаахан хөшчихсөн юм. Тэгэхэд Баянаа  аварга (Дархан аварга Х.Баянмөнх) барилдуулаагүй. Миний бодлоор барилдуулчих л байсан юм.
-Х.Баянмөнх аварга Хадемийн алдааг олж харж, түүнийг нь Б.Гантогтох яг хэрэгжүүлж оноо авсан гэдэг. Тэр барилдаан юм биш биз?
-Яг мөн.
-Б.Гантогтох чөлөөт бөхөд үеийнхнээсээ түрүүлж сайжирсан. Та түүнийг хөөгөөд л яваад байлаа. Та хоёрын ур чадвар яг хэзээ нэг хэмжээнд ирсэн бэ?
-Намайг 1987 онд дөнгөж секцэнд орж байхад Ганаа өсвөр үеийн улсын аварга болчихсон, Австрид өсвөрийн ДАШТ-д барилдахаар явж байсан. Бөхийн эрдмийг надаас хоёр гурван жилийн өмнө ойлгочихсон, барилдааны арга техникүүдээ эзэмшсэн байсан. Надаас хоёр насаар ч ах. Аливаа юм цаг хугацаанаас хамаарна. Бид Ганаагийн араас хөөж, хугацаа хожихын төлөө явж байсан. Пионерийн байгуудллагын нэрэмжит өсвөрийн том тэмцээн болдог байлаа. 1990 оны тэмцээнд Ганаа “А”, би “В” зооноос гарч ирж, аваргын төлөө барилдсан. Би ялж явсан ч 7:10-аар ялагдсан юм. Түүнтэй анх барилдсан нь энэ. Би нэг сонин юм ярих уу?
-Тэг л дээ?
-Тэр тэмцээний эхний тойрогт Өсөхөөтөй анх таарсан. Нөгөө булангаас их өндөр залуу гарч ирэхэд нь цочсон шүү. Хаанаас, хэн гээч, том лут хүүхэд гараад ирэв. Насаа дарчихсан юм биш биз гэж хүртэл бодогдож байлаа (инээв). Өсөхөө надад гурван торгуулиар ялагдсан юм. Тэр тэмцээнд эхлээд Өсөхөөтэй, сүүлд Ганаатай таарсан гэхээр сонин байгаа биз.
-Тэгээд Б.Гантогтох та хоёрын ур чадвар хэдэн онд тэнцэж ирэв?
-1997 онд ойролцоо байсан ч би яалт ч үгүй ялагдсан. 1998 онд л тэнцэж ирсэн. Барилдаад оноо авалцахгуй салж байлаа.
ЖИН ИХ ХАСАХААР ЕРӨӨСӨӨ БАРИЛДАЖ ЧАДДАГГҮЙ
-Та 1997 оны Пусаны Зүүн Азийн наадамд анх удаа жин өгсч (125 кг- ын жинд) барилдаад аваргалсан. Хоёр жил дараалан жин өгссөн нь ямар учиртай юм бэ?
-Тэр жилийн хавар УАШТ болж, 97 кг-ын жинд би Б.Гантогтоход ялагдсан юм. Ингээд Ганаа энэ жинд Пусан явах болсон. Харин багш нар ярилцаж байгаад 125 кг-ын жинд намайг явуулах шийдвэр гаргасан. Г.Өсөхбаяр, Г.Элбэг нарт ч боломж байсан. 90-ээс 100 руу орсныхоо дараа жил 125 руу орно гэдэг сонин л юм билээ (инээв). Энэ жингийнхэн удаан хөдөлгөөнтэй ч жин ихтэй, бяртай. Би хурд, ур, техникээ л гаргаж барилдахгүй бол ялах магадлал бага байсан. Н.Ганбаатар багшийн маань зааж сургасан эрдэм, барилдааны тактикийн ачаар аваргалсан. Зүүн Азийн наадамд цөөхөн орны чанартай бөхчүүд (Япон, БНСУ, БНХАУ-ын) оролцдог.
-1998 оны Бангкокийн Азийн наадмын аваргын төлөө Жадидитай барилдсан. Хоёр жилийн даагаа нэхэх боломж байсан уу?
-Яалт  ч үгүй хожигдоно гэдэг болсон. Надад нэг сул тал байдаг юм. Жин их  хасахаар ерөөсөө барилдаж чаддаггүй. Жин их хассаныхаа дараа гадны бөхчүүдтэй барилдахад цаагуураа тамир дутаад байдаг. Хөнгөн уяатай морьтой зүйрлэх юм уу даа.
-Та хэдэн кг хасав?
-13 кг хасч 97 руу орж байсан. Халуун орон байсныг ч хэлэх үү их ядарсан. Манай жингийн ихэнх бөх жиндээ орчихоод, Жадиди бид хоёр шогшоод  л.
-Та ДАШТ нэг л удаа, 1998 онд Тегеранд барилдсан юм билээ?
-Тэр жил надтай барилдсан зургаан бөхөөс колумбаас бусад оросууд байсан. Өөр улсын иргэншил авсан оросууд. Тэгэхэд ОХУ-ын Курамагомед Курамагомедовтой барилдсан. Миний барилдааны хэмнэл ерөөсөө таараагүй. Муухай нойтон  тамиртай. Би нойтон тамирчин бөхчүүдтэй барилдаж чаддаггүй юм.
-Юу гэсэн үг билээ?
-Мэхэнд явж өгөхгүй их төвөгтэй. Мэдрээд, гулзганаад, дайруулахгүй. Дайраад явж байхад цээж нь эргэчихсэн ч бөгс нь байж л байдаг. Том том булчинг нь барихад их зөөлхөн. Нялцгай гурил шиг. Иран  дагестанчууд ийм байх жишээгэй. Манай Ганаа Курамагомедовыг 1997 оны Красноярскийн ДАШТ-д үндсэнпээ ялчихсан. Тийм ч учраас тэр надтай дараа жил нь их болгоомжтой үзсэн байх. Би 1:3-аар ялагдсан. Украйны Вадим Тасоев тэр хоёрт ялагдаад есдүгээр байрт орсон.
-130 кг-ын жинд барилдах шийдвэрээ хэзээ гаргасан юм бэ?
-1999 онд 97 кг-ын жинд улсын аварга болсон ч багш нарын шийдвэр гарч, ДАШТ-д Б.Гантогтохыг барилдуулсан. Би өөрийгөө барилдана гэж бодоод дөрөвдүгээр сард нь. 12 кг жин хассан. Хавар жин хасна гэдэг хамгийн хүнд юм билээ. Үүнээс хойш 130 кг-ын жинд барилдах шийдвэр гаргаж 1999 оны Холбооны цом. 2000 оны УАШТ гэсэн ойрхон болсон хоёр тэмцээнд түрүүлснээр олимпийн наадамд оролцох дотоодынхоо эрхийг авсан.
СИДНЕЙН ДЭВЖЭЭНЭЭС НУЛИМСТАЙ БУУСАН
-Шинэ жинд европчуудтай анх хэзээ тулсан бэ?
-2000 оны Сиднейн олимпийн эрхийг таван цуврат тэмцээнээр олгосон юм, Би Беларусийн Минскт болсон Александр Медведийн нэрэмжит бөгөөд эрхийн цувралын эхний тэмцээнд европчуудтай анх барилдсан. 1997 онд Зүүн Азийн наадамд түрүүлээд байсан ч гэсэн энэ жингийн гол өрсөлдөгч нь европчууд. Эхэндээ эвгүй байсан ч гэсэн тактикаа өөрчлөөд аргаа олсон. Минскийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж, хадаасны 13 оноо авсан.
-Хоёр дахь олимпийн эрхээ хэзээ нь биелүүлсэн бэ?
-Германы Лейпцигт болсон хоёр дахь тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 14 оноо авсан нийт 27 оноотой болж, Сиднейн олимпийн эрхээ биелүүлсэн.

-Тэр олимпийн медаль танаас хол биш байсан даа?
-Тийм ээ. Манай зарим шүүгчийн хариуцлагагүй үзлээс болж би Кубын Алекс Родригест ялагдсан. Нэрийг нь хэлээд яах вэ. Дүрмэнд орсон өөрчлөлтийг тамирчдадаа хэлэх л байсан.
-Яг ямар дүрмээ мэдээгүйгээс болсон гэж?
-Олимпийн бэлтгэлээс буухын өмнөхөн шүүгчийн дэвжээний сургалт болсон юм. “Асууж тодруулах зүйл байна yу” гэсэн. Миний асуултад “Оноо авалцахгүй бол золгоно, золгосон байдлаас шахаж гаргавал оноо, торгууль өгөхгүй нөгөө талаараа золгоно” гэсэн. Энэ үг миний тархинд суучихсан байсан. Хэрвээ тэр үед “Золгосон байдлаас шахаж гаргавал оноо, торгууль шүү. Наадах чинь ёстой болохгүй” гэсэн бол би яаж ч байсан дэвжээнээс гарахгүй. Оноо, торгууль биш зүгээр техникийн нэг оноо заасан бол би Родригесийг ялах байсан. Родригесийг хүрэл медаль хүртэхэд маш их харамссан … (хэсэг чимээгүй суув ’. Маш харамсалтай.

-Олимпод дахиж барилдахгүй гэхээр ямар санагдаж байв?

-Энэ 26 нас надад дахиж олдохгүй, олимпид дахиж барилдахгүй гэж бодогдоод дэвжээнээс нулимстай бууж байсан. Миний хувьд олимпийн наадам тэгээд л дууссан. Би хувьдаа 2004 оны Афины олпмпод оролцоно гэдэгтэй итгэлгүй байсан. Тэгээд ч манай Өсөхөө байсан. Би 1996 онд Өсөхөөг, 2000 онд Ганаа тэр хоёрыг Монголд үлдээгээд олимпод барилдсан. “Афин-2004” гэж зүтгэх нь миний хувьд ёс зүйгүй хэрэг. Тэгээд ч би тэр үед 30 настай байх байсан, Энэ нэг их гялалзаад байх нас мөн үү, биш үү.

-Та тухайн үед  112-114 кг жишээтэй байсан. Харин өрсөлдөгч нар 130 кг жинтэй. Бярдуулдаг байв уу?
-Ер нь мэдэгддэггүй. Родригес Сиднейн олимпод жиндээ орох гэж долоо, найман кг жин хассан. 112-114 кг жинтэй хүн цагаар барилддаг, хөнгөн хөдөлгөөн шаардсан энэ спортод бярдуулахгүй.
-Монголын тамирчдын олимпийн медалийн буухиа Сиднейд тасарсан. Их л хүнд байсан байх даа?
-Ард түмний тэр их итгэл найдвар хүлээлтэд амжилт гаргахгүй ирэх нь хүнд байсан. Юмны бэлгэ дэмбэрэлийг бодож байх ёстой. Монголчууд өдөр судар харна гэж их ярьдаг. Үүнийг хармаар юм билээ. 2000 оны есдүгээр сарын 6-нийг билгийн цаг тооллын хуанлигаас хараарай. Модон хохимой өдөр байгаа. Модон хохимой шүү. Энэ өдөр Монгол Улсын олимпийн баг Сиднейг зорьсон. Үүнийг хий хоосон зүйл гэж бодож болохгүй. Хоосон юм бол яагаад билгийн тооллоороо яваад байдаг юм хүмүүс яах гэж жил бүрийн цагаан сарын дараа засач хийлгэдэг юм бэ. Лондоны олимпийг зориход сайн өдөр таараасай гэж бодоод залбираад явж байна.

МИНИЙ БАГШ МУНДАГ ХҮН БАЙСАН
-Нагац ахаараа хөтлүүлээд Ч.Дамдиншарав багшийн шавь болохоор очиж байсан тань хэдэн он билээ?
-1987он Дамийл багш Политехникийн дээд сургууль (Одоогийн ШУТИС)-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч байсан юм. Манай ээжийн терсөн ах олон жил ажилласан. эрдэмтэн, доктор, профессор хүн бий. Ах маань намайг Дамий л багшид дагуулан аваачиж, бөхийн зам мөрд оруулж байсан. Дамийл багш маань тэр үеийг дурсан ярихдаа намайг “Нэлээн зузаан, өндөр болохооргүй хүүхэд байсан” гэдэг. Тэгээд сагсан бөмбөг, гар бөмбөг их тоглуулдаг байлаа. Полийн заал дөнгөж байгуулагдсан, будаг нь үнэртдэг байсан. Оюутнуудын хичээлийнхажуугаар хүүхдүүдийн секц хичээллэдэг байсан. Одоогийн Батлан хамгаатахын сайд Ж.Энхбаяр ч манай секцийн хүүхэд.

-Та хэдэн онд Н.Ганбаатар багшийн шавь болсон юм бэ?
-Миний багш 1988 онд хуучны Октябрийн район, одоогийн Баянгол дүүргийн хүүхдийн “Соёл” спортын төвд чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ирсэн. Дамийл багш 1990 онд өвөр Монголд ажиллах болсон Явахынхаа өмнө намайг Н.Ганбаатар багшид хүлээлгэж өгөөд. Тэр жилийн есдүгээр сард залуучуудын шигшээ багт орсноор миний бөх болох үндсэн суурь тавигдсан. Би анх баруун өрөөтэй байсан. Н.Ганбаатар багш намайг зүүн өрөөтэй барилдуулж сургасан. Багш ингэж л миний барилдааныг 100 хувь өөрчилсөн.
-Зүүн өрөөтэй болохын тулд чамгүй хөдөлмөрлөсөн байх даа?
-Техникээ өдөрт хэдэн зун удаа давтаж байлаа. Багш намайг зүүн талаараа хамгийн сайн барилддаг, зүүн хөлөө хамгийн сайн хамгаалдаг хүмүүстэй барилдуулдаг байсан. Би эхлээд мэдэрч өгөхгүй нухуулна. Ямар л бол ямар мэхэнд нь явна. Дараа нь ганц нэг хаядаг, сүүлдээ алддаггүй болсон. Зөв бэлтгэлээр суурилчихаар амжилт жилээс жилд өсч байсан. Миний багш ийм л мундаг авьяастай хүн байсан.
-Г.Өсөхбаяр аварга бас залуучуудын шигшээд байсан биз дээ?
-Тийм ээ. Тэр цагаас хойш Өсөхөө аварга бид хоёр дотно нөхөрлөсөн. Өдөр болгон бэлтгэл хамт хийдэг. Кросст гүйсэн ч нэгийнхээ өмнө орохыг  хичээдэг байсан. Цагаан атаархал байж, бие биеэ хурцалж байлаа. Олсонд гарах, гар, турникэнд суниахад хуртэл нэгээсээ илүү гарах гэж өрсөлддөг байсан. Н.Ганбаатар багш энэ нюансыг олж харж, хооронд нь өрсөлдүүлж байсан. Миний багшийн “Тулгат” клубээс бид хоёроос гадна Т.Зүүнбаян, Б.Гансүх, Б.Батбаяр, А.Болдсүх зэрэг олон сайхан тамирчин төрж гарсан.
-Багшийгаа дурсан санадаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Хийсэн бүтээсэн нь үеийн үед яригдах сайхан хүн байж дээ.
-1990-ээд оны эхээр Г.Өсөхбаяр 1996 он, Сяошань аварга та хоёр душэнд орсныхоо дараа тухайн үеийн нэг алдар цуутай бөхийн алчуураар бие арчаад загнуулсан гэдэг. Тэгэхэд Н.Ганбаатар багш хоёр шавиа өмөөрч, та хоёрт аварга болсныхоо дараа энэ бөхийг амалж унагаагаарай гэсэн яриа байдаг. Тэр загнасан бөх хэн юм бэ?
-“Баавгай” П.Сүхбат ах шүү дээ. Ах ер нь дүү нартаа их ширүүн байсан шүү (инээв). Бид ч гэсэн хүний алчуураар биеэ арчдаг ширүүн нөхөд байж.
-Н.Ганбаатар багш таныг үндэсний бөхөөр барилдуулах гэж яараагүй гэдэг юм билээ?
-Үнэн. Та нар үндэсний бөхөөр барилдах гэж яарч болохгүй” гээд 1994 он хүртэл барилдуулдаггүй байсан. Хааяа нэг хулгайгаар барилдаж баригдаад загнуулна (инээв). 1994 он хүртэл долоон жил шар дэвжээн дээр өдөр шөнөгүй нухлуулсан хүн хэр баргийн хүний хийх гэж байгаа мэхийг мэдэрдэг юм билээ.
ХАРИУЦЛАГАА ӨӨРӨӨ ХҮЛЭЭНЭ ГЭЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРААД БАРИЛДСАН
-1994 оны наадамд та ямар зорилт тавьж барилдсан бэ?
-768 бөх барилдсан болохоор дээшээ үзнэ гэж бодож байсан. Хүн ер нь том зорилт тавьж байх хэрэгтэй. Нутгийн аваргаараа (Дархан аварга тав даваад улсын цолтны их гэр бүлд багтаад сайхан байсан. Тэр жилин наадмаас эхлэн Монголын залуучуудын холбооноос хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлаа тогтсон. Анхныхыг нь авсандаа их бэлгэшээдэг. Их гоё хонгор зүсмийн даага байсан.
-1996 оны олимпод оролцох бөхчуудийг улсын наадамд барахдуулахгүй гэсэн шийдвэр гарч байсан. Үүнийг хэрхэн хүлээн авч байв?
-Хүнд байсан. Манай үеийнхнэээс 1994 онд Цэрэнпунцаг. Гантогтох, 1995 онд Өсөхбаяр улсын заан болчихсон, Сүхбат бид хоёр начны араас нь нэхэж байсан үе. Би тэр наадмыг л алдаж болохгүй гэсэн бодолтой байсан Тийм болохоор ямар нэгэн байдлаар бэртвэл хариуцлагаа өөрөө хүлээнэ гэж гарын үсэг зураад барилдсан.
-Наадмын өмнө үндсээр ноцолдож амжсан уу?
-Бөхчүүд шиг наадмын бэлтгэлд гарч, наранд биеэ ээж, зодгондоо дасч чадаагүй. Олимпийн бэлтгэлээс долдугаар сарын 10-нд гэртээ харьж, маргааш нь зодог шуудгаа толины өмнө нэг өмсч үзчихээд л гарсан (инээв).
-Долоогийн даваанд хүчтэй заан Ц.Цэрэнпунцагтай тунахад юу бодогдож байв?
-Хүчтэй, шийдэмгий барилдаантай сайн бөхтэй тунасандаа эмээлгүй яах вэ. Зөв барилдахгүй бол болохгүй. Пунцаг ах тэр жилийн наадмын өмнө “Их сорилго”-д түрүүлчихсэн байсныг ч хэлэх үү.
-Зөв барилдана гэж юуг хэлээд байна вэ?
-Сэрвүү, элэг бүс, сэнжигний барьцнаас маш эвгүй. Нэг бол золгоод зөрөөд бариад авбал зүгээр, эсвэл огт барьцгүй байсан нь дээр. Яг бодсоны дагуу зөрж барьж аваад хутгаад давсан даа (инээв).
-Таныг заан болоод туг тойрч байхад Асашёорюү Д.Дагвадорж хүүхдийн барилдаанд түрүүлээд бас туг тойрсон гэдэг. Тэр мөчид дүүгээ анзаарсануу?
-Доржооог хүүхдийн барилдаанд барилдаж байсныг мэдэлгүй яах вэ. Гэхдээ хариуцлагатай барилдаанд бусдыг анзаарах манатай байдаг юм. Ганцхан юман дээр анхаарлаа тэгтлээ төвлөрүүлж байгаа. Тэгж төвлөрч чадаагүй бол Пунцаг ахад уначих байсан. Туг тойрч ирснийхээ дараа ч би дүүгээ анзаараагүй. Дүүдээ баяр хүргээд үнсчихгүй гэсэн бодол сүүлд төрсөн.
-Б.Бат-Эрдэнэ аварга таныг наймын даваанд амалж авалгүй Д.Мөнх-Эрдэнэ арслантай тунаахад юу бодогдож байв?
-Залуу хүний ир, шийдэмгий байдлаас болгоомжилсон байлгүй дээ. Би хөдөлгөөн ихтэй, яавал ч яачих гээд байсан үе (инээв). Аварга тэр жил хүнд бэртэлтэй байсан. Юм юмнаас болсон байлгүй.
-Танд тэр жил үзүүрт хүрэх бүрэн боломж байсан гэж боддог?
-Д.Мөнх-Эрдэнэ арслангийн баруун хөлийг авч яваад унасан. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэдэг болсон (инээв). Муухай харамссан шүү тэгэхэд.
-Д.Долгорсүрэн заан 1997 оны наадмаар дөрвөн хүүтэйгээ (Сугаррагчаа,Сумъяабазар, Сэржбүдээ, Дагвадорж) хамт зодоглосон. Нэгэн гэр бүлийн таван хүн зодоглосон тохиолдол өөр бий болов уу?
-Монгол бөхийн түүхэнд бараг байхгүй дээ. Энэ их сайхан түүх шүү.


ЧӨЛӨӨТ БӨХӨӨ ОРХИСНЫ ШАЛТГААН НЬ ҮНДЭСНИЙ БӨХ

-Таны хувьд олимпийн наадам гэж юу вэ?
-Тамирчний хүний хүсэл, мөрөөдөл. Томоор харах юм бол спортын том баяр, тэмцэл, тулаан. Нэг ёсондоо энх цагийн тулалдаан.
-Тамирчин хүнд олимпийн дурсамж нандин байдаг. Таны хувьд аль нь гүн сэтгэгдэл үлдээсэн бэ?
-“Атланта-96”. Монгол Улсынхаа тугийг барьсан, анхны олимп, анх дэвжээнд гарахдаа нутгийнх нь аварга бөхтэй барилдсан гэдгээрээ. Харин Сиднейн олимп медаль хүртэх бүрэн боломж байсан гэдгээрээ сэтгэлд гүн үлджээ.
-Сиднейн олимпийн баг бэлтгэлээ “Эрдэнэт” үйлдвэрийн “Сэлэнгэ тур” амралтад базаасан. Тэгэхэд танд бэлтгэл хангагч байхгүй байсан?
-Би дээр хэлсэн. Нийгмээс нийгэмд шилжих процесс явагдаад, ах нар наймаанд явсан гэж. Үлдсэн тамирчид дунд хамт олонч уур амьсгал бүрэлдээгүй. Тус тусдаа бие даасан фракц болчихсон. Баянаа аварга Ганаа, Сүхбат хоёрыг аваад явдаг.Т.Мөнхбаяр, О.Пүрэвбаатар бид гурав “Алтайн бүргэд” гээд О.Баянмөнх, А.Цэдэнсодном багш дээр очдог байх жишээтэй. Өсөхөөг “Алдар” гээд Б.Жавхлантөгс ах аваад явчихдаг. Тухайн үеийн МЧБХ-ны нөхдөл байдал хүнд байсан. Бэлтгэл хангагчийн асуудал аль 1994 оноос гарч ирсэн.
-1996 оны олимпийн бэлтгэлийг хэн хангалцаж өгсөн бэ?
-Надад 74 кг-ын Т.Мөнхбаяр, талийгаач Р.Гансүх заан хоёр л байсан.
-2000 онд хэн байсан бэ?
-Манай Өвөрхангайн Д.Ганхуяг арслан, Д.Батбаяр, Л.Наранбаатар начингууд.
-Та чөлөөт бөхөөр хамгийн сүүлд хэзээ барилдсан юм бэ?
-2002 онд.
-Улсын аварга болчихоод уу?
-Тийм ээ.
-Таны хэд дэх түрүү байв?
-Тав дахь.
-Чөлөөт бөхөөр яагаад олон жил барилдаагүй юм бэ?
-Хариулт нь үндэсний бөх. Үндэсний бөхөөр барилдмаар байсан.
ТӨРИЙН НААДАМД ТҮРҮҮЛЭХ ХУВЬТАЙ ЮМ БАЙНА ГЭЖ БОДОГДОЖ БАЙСАН
-Та 1998, 1999 оны улсын наадамд Б.Бат-Эрдэнэ аваргад унаж үзүүрлэсэн. Ингэхийн тулд тавын даваанаас эхлэн тун хүнд барилдаан хийсэн. Хэрвээ арай хөнгөхөн гарч ирсэн бол түрүү бөхийн нэр өөр байх байсан болов уу?
-Монгол бөхийн цолны эрэмбэ, ам авалт гэж мундаг юм бий. Том онцлог нөгөө талаасаа залуу хүн чөлөөт бөхийн бэлтгэл сургуулилалтын дүнд тэр олон ачаалалтай барилдааныг давж гарч ирдэг байсан. Тэгээгүй бол өнөөдрийнх шиг зөвхөн штанг өргөөд, үндэсний бөхөөр барилдаад тэр олон давааг тэсч гарахгүй ээ. Наадмаар надтай тав, зургаа, долоо, наймын даваанд таарсан тэр бөхчүүд энгийн өрсөлдөгч биш. Нарийн барилдаантай, нарийн мэдрэмжтэй хүмүүс.
-Улсын наадмын түрүү булаалдах сайхан мэдрэмж төрүүлнэ биз?
-Ард түмний хайр, уухайн дунд явахаас сайхан юм гэж юу байх вэ. Хурсан олныг баясгана гэдэг өөрөө том буян.
-2000 оны наадмын долоогийн давааны тухай асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та А.Сүхбат аваргад гар ачуулаад өвдөг шороодсон. Таны нэг гар яагаад сул яваад байсан юм бэ?
-Олимпийн жилийн бэлтгэл их сайн, хэр баргийн ачааллыг даах хэмжээнд очсон, цусан дахь сүүний хүчлийн хэмжээ өндөр байсан болоод ч тэр үү золгоод дэндүү тайвширчихсан. Дараагийн мэхээ бодоод баруун гар суллаад явж байсан.
-Та тухайн үед А.Сүхбат аваргыг илүүрхдэг байсан болохоор тайвширсан юм уу?
-Сүхбатыг тэр жил бэлтгэлээ бүрэн хийж чадаагүй гэсэн мэдээлэл ирж байсан. Хэн, хаана, юу хийж байна гэсэн мэдээлэл цуглуулна шүү дээ (инээв). Мөн биз. Тактикийн хувьд.
-Та 2001 онд маш сайн байсан ч долоогийн даваанд Г.Өсөхбаяр аваргатай тунаад унасан. Бага шөвөгт тунасандаа харамсч байсан уу?
-Онцгой жил учир бэлтгэлээ маш эрчимтэй базааж, түрүүлэх хүсэлтэй барилдсан. Даанч санасандаа хүрч чадаагүй дээ”.
-Та Г.Өсөхбаяр аваргад дараагийн хоёр жил нь бас (2002 онд долоогийн даваанд тунаад, 2003 онд түрүү үзүүрт) өвдөг шороодсон. Нэг хүнд гурван жил дараалан унахаар юу бодогдох юм бэ?
-Барилдааныхаа тактикийг өөрчилж чадахгуй байсантай холбоотой.
-Та 1998, 1999 онд үзүүрлээд баярлаж байсан. Харин 2003, 2005 онд таны гол зорилго үзүүрлэх биш байсан байх?
-2003 онд үзүүрлээд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гарьд гэдэг тэнгэрийн амьтны нэртэй сайхан цол хүртсэндээ бэлгэшээж, залбираад явж байсан. Харин 2005 онд дөрөв дэхээ үзүүрлэсний дараа төрийн наадамд түрүүлэх хувьгүй юм байна даа гэж бодогдох болсон. Нас ч яваад, нэг ёсондоо үзүүрлэж байгаатайгаа эвлэрсэн. Миний үзүүлэх ёстой амжилт энэ юм байна л гэж бодогдож байлаа.
-Таныг 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхг 800 жилийн наадамд барилдахгүй ч байж магадгүй байсан гэдэг?
-Бизнес рүү орж байсан цаг үе. Үндэсний бөхөөр барилдах сонирхол илт буурч байсан. Аавд “Наадмаар барилдахаа больдог ч юм бил үү” гэж хэлээд загнуулсан. Тэгээд аавыгаа бодоод түүхт ойд зодоглохоор шийдсэн.
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн логог харахаар өөрийн эрхгүй та санаанд буудаг. Энэ лого танд ч гэсэн дотно санагддаг биз?
-Дотно дотно. Энэ том ойд түрүүлнэ гэдэг их том хувь зохиол л доо. Тэр жил их шөвөгт Өсөхөө аваргыг хаясан барилдааны аргыг Баянаа аварга зааж өгсөн юм шүү дээ. Нэг орой найзтайгаа “Irish Pub’’-д ортол аварга сууж байсан. Очиж мэндлээд суусан. Ойр зуурын юм ярьж байтал аварга “Чи Өсөхөөтэй буруу барилдаад байна. Ерөөсөө Сүхбат шиг барилд. Барилдаанаа задал. Юу ч хамаагүй хий. Унахаас битгий ай. Унана гэж бодохгүйгээр бүх юмаа хий. Тэгвэл давна” гэж зөвлөсөн. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн наадмын шөвгийн дөрөвт Өсөхөө аваргатай хамаагүй барилдсан. Таг солгой хүн чинь баруун барилдаад л (инээв). Яг л Баянаа аваргын хэлснээр задгай барилдсан. Тэрхэн үеийн жижигхэн хөдөлгөөнөөр давсан.
-Г.Өсөхбаяр аварга танаас тийм барилдаан ирнэ гэж тооцоолоогүй байх даа?
-Бодоогүй байх. Тактикаа, барилдаанаа цэвэр өөрчилнө гэдэг чинь энэ. Бөхөө мэдэрдэг мундаг улсуудаас ийм ухаан гарч байгаа юм. Маш олон жил барилдсан, мэдрэмж нь тархинд нь суучихсан хүмүүс зүгээр л уншина.
-Д.Азжаргал арслантай түрүү булаалдахын өмнө сандарч байв уу. Өмнө нь дөрвөн удаа үзүүрлэсэн болохоор тэр л дээ?
-Сандраагүй. Өсөхөөг хаясны дараа наадам минийх боллоо гэж бодсон. Д.Азжаргал долоо, найм, есийн даваанд дараалсан хүнд барилдаан хийгээд, нэлээн цуцчихсан байлаа. Тэр цуцаан дээр нь гарч дайрах нь хамгийн оновчтой тактик. Тэгэхгүй бол амраад пауз авчихвал хэцүү-
-Шуудхан асууя. Таныг 10 давж түрүүлсний дараа эхлээд улсын арслан цол олгосон. Шударга бус юм шиг санагдаж байсан уу?
-Ямар ч байсан түрүүлэх нь гол байсан. Даваа болгон нь цолтой болохоор аварга цол өгөх байх л гэж бодож байлаа.
ДАХИЖ БАРИЛДАХГҮЙ
-Та сүүлийн гурван наадамд барилдсангүй. Бөх харахаар сэтгэл гэгэлзэх юм уу?
-1988 оны хүүхдийн барилдаанаас хойш 20 жил барилдлаа (1992 оныг эс тооцвол). 1990 онд улсын наадамд биш ч ээжийнхээ төрсөн нутаг Архангай аймгийн Өлзийт суманд барилдсан. Уяулж сурсан морь гэдэг шиг гэгэлзэлгүй яах вэ.
-Штангтай их ноцолдсон нь Д.Сумъяабазарын бэлтгэлд муугаар налөөлсөн гэж ярьдаг. Таны үзүүлэлтийг сонирхож болох уу?
-Барилдаан, кросс, штанг гурав байнга хосолдог байсан. Хүчний гурван төрөлт тун дажгүй байсан. Хэвтээгээс 210, суулт 290, таталт хэд байсан юм бэ мартчихаж. 2001 онд 115 кг жинтэй байхдаа хүчний оргил үзүүлэлтээ гаргасан.
-Х.Баянмөнх аварга ингэж ярьсан байна билээ. “1990-ээд оны үед Монгол Улсад бөхийн хоёр том голомт байгаа нь мэдрэгдсэн. Нэг нь Х.Баянмөнхийнд, нөгөө нь Д.Долгорсүрэн зааныд байна. Гэхдээ бидний хүүхдүүдийг дарах хөдөлгөөн ил, далд өрнөсөн” гэж. Танд тийм зүйл анзаарагдаж байв уу?
-Байсан.
-Та 2008 оны наадмаас хойш барилдсан уу?
-Барилдаагүй ээ.
-Дахиж барилдах уу?
-Барилдахгүй ээ. 20 жил гэдэг хүний амьдралын урт хугацаа. Нэг талаас бэртэл гэмтэл байна. Эрүүл мэндээ бодмоор. Гарч ирж байгаа залуу үедээ зайгаа тавьж өгөх ёстой. Бас нийгэмд өөр талаар хөдөлмөрлөх, бөхийн спорт бас энгийн амьдрал руу шилжих процесс гэж байна. Олон юм бий.
-Таныг ачаалалтай бэлтгэл хийхээр бэртэл сэдэрчих гээд байгаа гэсэн?
-Тийм болчихсон байна. Хүнд бэлтгэл хийхээр л хуучин гэмтлүүд нь сэдэрчих гээд байдаг. Нас жаахан явчихсан болохоор ачаалал өгч болохгүй байгаа.
-Үндэсний бөхөөр олон залуу барилддаг ч их спортоор хичээллэх нь ховор. МЧБХ энэ тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Монголын чөлөөт бөхийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө удахгүй гарна. Ер нь залуус чөлөөт бөхөөр барилдаж дэлхийн хэмжээний бөх болчихвол эргээд орон нутгийн бөхтэй барилдахад асуудалгүй дээ. Дэлхийн хэмжээний бөх орон нутгийн бөхийг арчдаг юм. Дэлхийн хэмжээний бөхийн барилдах нас орон нутгийн хэмжээний бөхийн барилдах насаас 10 жилээр илүү байдаг. Дэлхийн хэмжээний бөхийн мэдрэмж орон нутгийн хэмжээний бөхөөс 10 дахин илүү байдаг.
Чөлөөт бөхийн гадны нэг дасгалжуулагч манай улсад ирээд сургалт зохион байгуулсан юм. Зааланд орж ирчихээд “Энэ Монголд хүнд жингийн бөх алга” гэж байсан. Орой нь Монгол бөхийн өргөөнд аваачиж үндэсний бөхийн барилдаан үзүүлэхэд “Хөөх. Энэ Монгол чинь тэр чигээрээ хүнд жингийн бөх юм байна шүү дээ” гэж байсан. Ийм л зүйл болчихоод байна. Бид бөхөө хөгжүүлэхийн тулд аймаг, орон нутгаас аян эхлүүлэх хэрэгтэй юм болов уу.
-Их спорт л хүний толгойд юм өгдөг шүү дээ?
-Их спорт хүнд ялалтыг өгнө, ялагдлыг өгнө. Ногоон дэвжээн дээр дээгүүр хараад таахалзаад байгаа бөх шар дэвжээнд очихоороо хэрээ мэдэж, бяраа танина даа. Одоогийн залуусыг ингэмээр байгаа юм. Миний үндэсний бөхөд гаргасан бүх амжилт чөлөөт бөхтэй салшгүй холбоотой. Тиймээс шар дэвжээндээ дэндүү хайртай. Гантогтох, Сүхбат, Өсөхбаяр ч чөлөөт бөхөөр суурилж, үндэсний бөхөд амжилт гаргасан.
-Ярилцсанд баярлалаа. Таны амьдралд хамгийн сайн байхан бүхнийг хүсэн ерөөе.
Д.Нанжид

0 сэтгэгдэл:

Post a Comment