SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, February 17, 2012

Босогчид олзлогдогчдоор тугаа тахьдаг, тамлан тарчилгаж, зүрхийг нь сугалдаг, эмэгтэй хүний хөхийг нь огтолж ч байв.




ЦАГААН сарыг 1930, 1931 хорьж байжээ
1930, 1931 онд “цагаан сарыг хийж огт болохгүй” гэж тас хорьсонҮндэсний архивийн газрын дарга, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай уулзаж ярилцлаа.......
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
.....
“Зүүний нугалаа”-ны үед анх цагаан сарыг хориглож байжээ
-Удахгүй монгол түмэн цагаан сарын баяраа угтах гэж байна. Нэгэн үе монголчууд үндэсний энэ баяраа тэмдэглэж чадахгүй хэлмэгдэж явсан ч  удаатай. Анх бүүр намар хийдэг ч үе байсан гэлцдэг. Энэ талаар тодруулж өгнө үү?

-Цагаан сар бол Монголын төр, ард түмний их баяр юм. Одоо үед зарим нь Цагаан сарыг хийх хэрэггүй гэж ярьж байхад нөгөө хэсэг нь үндэснийхээ баярыг өргөн дэлгэр тэмдэглэх ёстой ч гэж үзэж байна. Бүрэн төгс утгаараа бол Цагаан сар нь Монголын төр, ард түмний их баяр юм.
Цагаан сарыг намар хийдэг байсан нь ч үнэн. Тухайн үед монголчууд жил бүр дөрвөн их баяр тэмдэглэдэг байсны нэг нь энэ цагаан сар юм. Энэ дөрвөн их баяр нь хавар, зун, намар, өвөл тохиодог байснаас цагаан сарыг нь намар хийдэг байжээ. Учир нь Чингис хаан тэр үед намрыг өөрийнхөө он тооллын эх болгодог байсан. Харин тэрбээр Их Монгол улсаа байгуулснаас хойш цагаан сарыг хавар хийдэг болжээ. Их Монгол улс байгуулах ёслол нь 1206 оны бар жилийн бар сард болсон юм байна лээ. Үүнээс хойш цагаан сар хаврын эхэн сард хийдэг их баяр болжээ. Дээр дурьдсан дөрвөн их баяраас ганцхан цагаан сар одоог хүртэл үлдэж чадсан юм. Бусад нь гүү барих үрс гаргах, унага тамгалах зэрэг баяр байж.
Ер нь бол цагаан сар маш их зовлонг туулж иржээ. 1950 -аад оны сүүлчээр нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш цагаан  сарыг “Нэгдэлчдийн баяр”, малчдын баяр хэмээн хязгаарладаг болсон. ХХ зууны эхэн үед монголчуудыг уламжлалаас нь салгах гэсэн бодлого маш их явагдлаа. Түүний нэг жишээ нь цагаан сарын баярыг хориглосон явдал юм. Цагаан сарыг зөвхөн 50-аад оны сүүлчээр хориглож байсангүй. Анх 1929 онд зүүнтнүүд засгийн эрхэнд гарсантай холбогдон “зүүний нугалаа” явагдаж, Монголын төр, эдийн засаг, улс төрийг хямралд оруулсан энэ үед анх цагаан сарыг хориглож байсан удаатай.
Тухайлбал, Засгийн газар, НТХ-ны хамтарсан хурлын шийдвэрээр 1930, 1931 онд “цагаан сарыг хийж огт болохгүй” гэж тас хорьсон. Иймд ардууд ахмад үе, ах дүүстэйгээ золгож чадахаа болиод зогсохгүй бурхан шүтээнээ хурааж, хоймортоо залах ч эрхгүй болсон.
Гэвч ардууд боломжоороо нууцаар цагаан сарын ёслолыг хийж байж. Ингэсээр хоёр жилийн нүүр үзэж 1933 онд ” Шинэ эргэлтийн бодлого” гарсны дараа л цагаан сар хийх уламжлал эргээд сэргэсэн. Гэхдээ өмнө нь хийдэг байсан шигээ өргөн дэлгэр далайцтай тэмдэглэж чадахгүй хязгаарлагдмал байдалд орсон. Ард түмэн ил золгохооссоо айдаг болсон гэдэг. Энэ явдал 1950-1980-аад онд бас давтагдлаа шүү дээ.
Цагаан сар гэдэг нь зүгээр л нэг төрөл садангаараа цугларч, ууц тавьж, бууз жигнэж идэхдээ гол биш юм аа. Үүнд их зүйлс, Монголын уламжлалт соёл, ёс, зан заншил нь хадгалагдаж байдаг.
Тийм ч учраас 1941 онд Монголын нэрт түүхч, нийгмийн зүтгэлтэн Г.Навааннамжил гуайн бичсэн том өгүүлэлд “Цагаан сар нь төрт ёсны баяр учраас үүнийг өргөн дэлгэр тэмдэглэж байхад буруудах зүйл байхгүй” хэмээн бичсэн байдаг. Иймээс 40-өөд оны эх  хүртэл энэ нь нуугдмал хаагдмал байдалтай явсан нь харагдаж байгаа юм.
Тэгвэл 1950-80- аад онд байдал улам хүндэрч зөвхөн эмээ өвөө нарын хүрээнд “Нэгдэлчдийн баяр” гэдэг нэрийдлээр хийдэг болж. Бид ч бас тэр үеийг туулсан хүмүүс шүү дээ. Золгож болохгүй, золгох цаг нь хүртэл хязгаарлагдмал, ажлыг цагийг яс бүртгэдэг байж. Ийм байдал 80-аад он хүртэл үргэлжилсэн.
Уул нь бол ууц тавих, таваг засах, гоёж гоодох зэрэг бүхий л зүйлс нь уламжлалт зан заншилтайгаа холбоотой, төрөө хүндэлж байгаа нэг хэлбэр юм ш дээ. Ялангуяа 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо олсноос хойш манжийн бүх ёсыг халсан байдаг. Иймээс өмнө нь хөтөлж байсан “шар зурхай”-г халж, “төгс буянтын зурхай”-г мөрдөх болсон. Өмнө нь цаг толлын бичгийг монголчууд Манжийн хаанаас улбаалж авдаг байж. “Цаг тооллын бичиг авна” гэдэг нь маш хөл хөдөлгөөнтэй нүсэр зүйл болдог байж. Бээжинд очиж Манжийн хааны ордноос түүнийгээ авна. Манжийн харьяанд байсан бүх улс, түвд, хотонгууд бүгдээрээ очиж авдаг байв. “Цаг тооллын бичгээ мөрдүүлнэ” гэдэг нь хаад өөрийн эзэрхийллээ тогтоож буйгаа хүлэн зөвшөөрүүлж байгаа хэрэг юм. Энэ нь эртний Ромоос үүсэлтэй бөгөөд Григорийн, Юлийн тоолол гэдэг нь дээрх хаад эрх мэдлээ хүлээн зөвшөөрүүлж байснаа л харуулж байгаа хэрэг л дээ. Иймд монголчууд цаг тооллын бичгээ авах гэж жил бүр Бээжинд очиж байнаа гэдэг нь “Манжийн хараатаа л хүлээн зөвшөөрч байна” л гэсэн үг.
Харин монголчууд тусгаар тогтнолоо олонгуутаа энэ ёсыг халж орхисон. Тэгээд өөрсдөө зурхайн ордонг байгуулж, орон нутгийнхаа цаг байдалд тохирсон цаг тооллын бичгээ гаргасан нь 1931 он хүртэл мөрдөгджээ. Гэтэл нөгөөх зүүнтнүүд үүнийг олж харчихаад энэ үеэс Оросын григорийн буюу өнөөгийн аргын тооллын календарийг хэрэглэх болжээ. Үндсэндээ 40- өөд он хүртэл монголчууд хоёр тоололтой явж иржээ. “Олноо өргөгдсөний” цолыг халснаас хойш “Монголын төдөн он” гэх зэргээр бичиж ирсэн. Тухайлбал, “Монголын 30 он” гэдэг нь аргын тооллын 1940 он шүү дээ.
Иймд цаг толлын бичгээ монголчууд өөрсдөө бүтээж, оныхоо цолыг өгсөн нь Монгол улс бүрэн тусгаар тогтносоноо л баталж байгаа хэрэг. Бид Хятадаас хараат бус тусгаар улс гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм.
Цагаан сар бол өөртөө байгаа юмаа өрөөл бусадтай хуваалцахын сайхан баяр
Цагаан сараар ууц тавьдаг, бүх хүн гоё сайхан гэсэн хувцсаа өмсдөг байж. Ядуу дордос ч өөрсдөө шинээр сайхан хувцаслаж чадахгүй ч гэсэн үр хүүхдээ гоё хувцасладаг байж. Энэ нь өөрөө л гангарч байгаа хэрэг биш, харин төрөө, тусгаар байдал, уламжлалт ёсоо хүндэлж байна гэсэн утга. Үүнийг хүмүүс маань сайн ойлгох хэрэгтэй. Мөн ууц тавих, түүнийг төлөөлүүлэн өөр  мах тавих зэрэг нь улсынхаа чинээг харуулж байгаа хэргээс гадна “Бид буянт малынхаа буян хишгийг эдэлж байнаа” гэсэн санаа.
-Гэтэл зарим хүмүүс “Цагаан сар хийхээр их хоосордог” гэх зэргээр ярьдаг шүү дээ?
-Энэ бол маш буруу. Зарим сурвалж, ахмадуудын дурдатгал “Энэ нь худлаа” гэдгийг нотолдог. Харин ч энэ үеэр ялангуяа  ядуус маш их баярладаг байж. Тэр үед гуйлгачин ч их байж.
Дээр үеэс ядуу харц ардууд цагаан сараа маш өргөн дэлгэр хийдэг байсан. Иймээс ч “Цаг цагаар нэг цаддаг, Ццагаан сараар нэг цаддаг” гэдэг үг үүнээс гаралтай аж. Цагаан сараар орж ирсэн хүн бүртээ айлууд хоол хүнснээсээ хишиг хүртээдэг учраас ядуу айлууд шинэлэхдээ хоёр гурван сарынхаа хүнсийг бэлтгээд авчихдаг байж. Зарим нь бүүр цагаан сараар ирсэн хишгээрээ зунтай золгодог байсан гэдэг.
Ядуу хүмүүсийн хувьд цагаан сар бол маш буянтай сайхан баяр байж. Цагаан сарын энэ ёсыг “хишиг тархаах” гэдэг. 1911 онд монголчууд тусгаар улсаа байгуулж, Богд хаан  таван яамаа байгуулан, сайд, дэд сайд, түшмэлүүдээ томилсон. Үүнийг “Богдын хишиг тархаах” гэж нэрлэж байв. Үүнтэй адил цагаан сараар бэлэг өгөх ёсыг “Цагаан сарын хишиг тархаах” гэж нэрлэдэг. Цагаан сар бол өөртөө байгаа юмаа өрөөл бусадтай хуваалцахын сайхан баяр. Золгох ёс ч гэсэн одоогийнхтой адилхан байж. Харин нэг л алдагдсан зүйл бол залуу эрс нь золгохдоо барилдах гэж байгаа мэт дүр үзүүлж, цээжээ ганхуулан хөдөлгөдөг байсан явдал юм. Үүнийг харсан ахмадууд нь “Манай залуус ч бяр хүч чадал дүүрэн байна” хэмээн билгэшээн баярладаг байж. Түүнчлэн “монголчууд цовоо сэргэлэн хэвээрээ байна шүү” гэдгээ харуулж байгаа хэрэг юм аа. Энэ ёсыг 20,30-аад он хүртэл баримталжээ. Цагаан сараар бөөнөөрөө цуглараад хамгийн түрүүнд төрөө хүндэтгэдэг. Төрөө төлөөлүүлж овоо босгож түүндээ мөргөдөг. Ингэж тэнгэр газартаа мөргөсний  дараа нь золголтоо хийдэг байж.
-Бид жилдээ хоёр гурван ч удаа шинэлэх боллоо. Үүний аль тооллоор нь шинэлвэл зүйтэй вэ?
-Би бол зурхайч хүн биш ээ. “Төгс оюунт”, төвдийн “шар зурхай” хоёр зөрдөг. Монголчууд Манжаас салаад зохиосон “төгс оюунт зурхай”-г мөрд гэсэн Богд хааны зарлиг гарснаас хойш л ийм зөрүү гарчээ. 30-аад онд мөрдөж байсан цаг тооллын бичгүүд манай сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Хэрвээ Манжийн тооллыг дагасаар байсан бол зөрөхгүй л байсан. Энэ жилийн хувьд цаг агаарын байдал нь өөрөө аль нь зөв болохыг заагаад өгч байгаа.
-1932 оны эсэргүү бослогоос хойш яг 80 жил өнгөрчээ. Үүнд зориулсан эрдэм шинжилгээний томоохон хурал удахгүй болох  сурагтай…

-1932 онд монголчууд төр засгийнхаа эсрэг эвсэн боссоноос хойш 80 жил өнгөрч байна. Үүнийг бид заавал дурсаж байх ёстой гэж би боддог. 90-ээд оны үед энэ үйл явдлыг “Хувьсгалын эсэргүүн, лам нарын бослого” гэдэг байсан. Энэ нь дан ганц лам нарын бослого биш болох нь одоо судалгаагаар нотлогдож байгаа. Бослогод оролцогчдын нийгмийн бүрэлдэхүүн нь маш өргөн. Түүнд лам, эмч, нам, эвлэлийн гишүүд, төр засгийн ажилтнууд гээд нийгмийн маш өргөн бүрэлдэхүүн хамрагдсан. Босогчдын 40 хувь нь л лам нар байж.
Харин “Лам нарын бослого” гэж нэрлэх болсны учир нь монголчуудын төвлөрөл хүрээ хийдийг тойрч байснаас үүдэлтэй. Чухам энд л бүх худалдаа наймаа, янз бүрийн яриа хөөрөө нь өрнөдөг байжээ.
Монголчууд морь хөлөглөсөн ард зон тул мэдээлэл нь маш хурдан тархдаг. Хамгийн зах хязгаарын ганц гэр айл гэхэд хэдхэн хоногийн дараа ямар ч мэдээллийг хүртчихсэн сууж байдаг онцлогтой . Энэ нь “Албан бус мэдээлэл” буюу дам цуу яриа. “Монголчуудад цуу ярианд амархан итгэдээг” гэж ярилцдаг даа. Тэр нь цаашаа улам л нэмэгдээд явна. Тэр цаг үед сонин мэдээ, радио энэ тэр гэж юу байхав дээ. Тиймээс мэдээ тээж ирсэн хэн хүний үгэнд их итгэдэг. Ииймээс ч монголчуудыг “гэнэн итгэмтгий” гэдэг нь үүнээс үүдэлтэй ч байж мэднэ. Энэ нь нүүдлийн соёл иргэншилтэй нь ч холбоотой. Мэдээ хүргэж ирсэн хүний үгийг л “бодит үнэн” гэж тооцдог, ойлгодог. Цаадах нь хичнээн давсалсан ч, хугасалж ярьсан ч мэдэхгүй тул шууд итгэнэ шүү дээ. Өөрийнхөөрөө хүлээж аваад л дараачийн хүндээ дамжуулдаг байж.
Нэгэнт хүрээ хийд нь төвлөрлийн цэг учраас чухам тэндээс л бослого хөдөлгөөнүүд эхэлсэн байдаг. Анх Хөвсгөлийн Рашаантын хийдээс эхэлсэн. Үүнээс өмнө 1926 онд Улаангомын Төгсбуянтын хийдэд бослого дэгдэж байв. Гэхдээ энэ нь тэдний шашин шүтлэгийг нь шууд хорьсонтой холбоотой байж.
Харин 1932 оны бослого нь олон шалтгаантай байжээ. Юун түрүүнд төр засгийн буруу бодлогын эсрэг ард түмэн боссон байдаг. Учир нь 1929 онд “зүүнтнүүд” засгийн эрхэнд гараад Монголын уламжлалын эсрэг томоохон дайралтыг хийж, Зөвлөлтөд өрнөж байсан үйл явцыг тэр чигээр нь л Монголын хөрсөн дээр буулгахыг оролдлоо. Ийнхүү “Нийгэм журамд яаралтай дэвшинэ” гэсэн хэт зүүнтний бодлого Монголд хүчтэй явагдах нь тэр.
Ер нь Богд хаан 1924 онд нас барснаас хойш түүний хойд дүрийг тодруулахгүй хэмээн хавчин хяхаад эхэлсэн нь тэр үеийн нийгмийн аргагүй шаардлага байлаа. Мэдээж шинэ Монгол улсыг байгуулахад үйлдвэрлэх хүчин, цэрэг цуух хэрэгтэй болсон. Гэтэл 20-иод оны дунд үед сүм хийдийн хүч хэвээрээ л байв. Лам нар бол нийгмийн амьдралын хувьд хамгийн идэвхгүй, ямар нэг үйлдвэрлэл эрхэлж, татвар төлөхгүй, зүгээр л хурал хурж, өргөл барьцаар амьдарч байв. Тиймээс хорвоотой хөл нийлж алхахын тулд энэ олон идэр насны залуусыг нийгмийн тустай хөдөлмөрт татан оролцуулах шаардлага гарч иржээ.
Гэтэл үүнийг нь лам нар эсэргүүцэн босч байв. Харин 1932 оны IV сараас баруун 4 аймагт бослого бол арай өөр гэдгийг өмнө дурдсан. Тэр үеийн монголчуудын баримталж байсан идеал, үзэл суртал нь мэдээж шарын шашин л байлаа.  “Шашнаа мандуулнаа” гэсэн уриан дор босогчдын тэргүүнүүд нь дандаа шашны мяндагтнууд байлаа. Яагаад гэвэл лам нар бол монголчуудын оюун санааны удирдагчид. Багш л юу гэнэ “За” л гэнэ. Ингээд итгэн шүтдэг лам багш нар бослогод уриалан дуудахад аргагүй л оролцсон байдаг.
Дээр нь яг энэ үед зөвхөн дээд толгой лам нар, хар феодал гэлгүй “нударган” гэсэн нэрийдлээр дундчуудын хөрөнгийг хураачихав. Тухайлбал, “Тунгалаг тамир” киноны “баян Итгэлт” бол жирийн л чинээлэг ард хүн шүү дээ. Гэтэл ийм үй олон хүний малд нь хувь тогтоон хурааж аваад Галсанд өгчихдөг. Галсан нь маллаж чадахгүй үхүүлээд л явдаг, тийм үү? Ийм байхад мэдээж хэн ч дургүйцнэ биз дээ?
Ийм учраас бүх нийтийн дургүйцэл ялангуя 1931 он гэхэд хуримтлагдсан байж. Энэ  үйл явц нь 1930 оноос эхэлсэн байдаг. Говь-Алтайн өмнөд хэсэг, Өвөрхангай, Өмнөговийн ардууд урагшаа нүүж орхисон. Нийтдээ 20-30 мянган хүн шүү. Тэд ядуураад нүүсэнгүй, харин шашин шүтлэгийг нь хорьж, бурхан тахилыг нь хураан, үнс нурамтай хольж хаян  дээр нь мал сүргийг нь хураачихлаа.
Гэтэл “Өвөр монголд шашин шүтээнээ хөндөөгүй, Ордосын Далан хар уулд байдаг Бадгар зуу хэмээх Эрдэнэ зуугийн дараа орох төвдийн Лхас шиг том хийд нь номоо хурсаар л байна. Үе залгамжлан удирдаж ирсэн ноёд дээдэс нь хэвээрээ байна” гэсэн ухуулга хүчтэй явагдсанаас ард зон тэр амгалан тайван амьдралыг зорин одсон байдаг.
-”Талын цуурай” кинонд Бор гэдэг эрэлхэг бүсгүйн тухай гардаг даа. Тэр кинонд болсон үйл явдлыг нэлээд үзэл сурталжуулан гаргажээ дээ?
-Мэдээж ард иргэд нь дүрвэн гарч буйтай төр засаг нь эвлэрээгүй. Тиймээс тэднийг зогсоох гэсэн Бор нарыг хадан дээрээс түлхэн унагаж хороогоод л яваад өгсөн хэрэг шүү дээ. Тэр үед алаан хядаан зөндөө болж 40-өөд он хүртэл үргэлжилсэн байдаг. Ихэнх хүмүүс нь эргэж ирээгүй шүү. Харин манай Дотоодыг хамгалаахынхан том ноёд, лам нарыг нь нууцаар барьж авчран хороож байжээ. Мөн өөрийн тагнуулуудаа явуулан алдаг байж.
Шашны далбаан доор нэгдсэн бослого 3-4 сар үргэлжлээд нам дарагдав. Учир нь босогчид нь зохион багуулалтгүй, зэвсэглэл гэж муна, цахиур буу төдийхөн, бослогын тодорхой чиг баримжаа байхгүй, ялсан тохиолдолд ямар засаг тогтоох вэ, хэн удирдах вэ гэсэн зүйл юу ч байхгүй, зүгээр л аяндаа урсгалаараа гарсан хөдөлгөөн байлаа.
Иймээс 1932 оны энэ үйл явцыг маш олон талаас нь харж үзэх ёстой. Зарим нь энэ бол “ардын бослого” гэж байхад зарим нь “иргэний дайн” ч гэж дүгнэж байна.
Энэ оны IV- V дугаар сард ТЕГ, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Батлан хамгаалах яамны Цэргийн түүхийн хүрээлэн, манай Үндэсний архивийн газар хамтран энэ сэдвээр томоохон эрдэм шинжилгээний хурал хийхээр төлөвлөөд байгаа. Энэ үеэр нэлээд сонирхолтой илтгэлүүд тавигдаж, асуудлуудыг янз бүрийн өнцгөөс хөндөж ярих байх аа гэж найдаж байна.
Энэ бол шашны дайны өөрийнх нь мөн чанар юм
-Лам нар айхтар харгислал үйлдсэн гэдэг үнэн үү?
-Тийм ээ , үнэхээр харгис байсаан. Босогчид олзлогдогчдоор тугаа тахьдаг, нам, эвлэлийн гишүүдийг тамлан тарчилгаж зүрхийг нь сугалдаг, эмэгтэй хүний хөхийг нь огтолж ч байв.
Энэ бол шашны дайны өөрийнх нь мөн чанар юм. Бурханы шашин нь хэдийгээр энэрэнгүй үзлийг номлодог боловч цаг нь тулаад ирэхэд “Шамбалын дайн”-даа их харгислал үйлддэг байна. Хүмүүсийн мухар сүсэг дээр шашны үзэл суртал тоглож явдаг аж. Хэдэн ном уншиж өгчихөөд л “За чи одоо суманд даагдахгүй тул шууд байлд” гээд л бороохойтой эрийг л хурдан бууны өмнөөс гүйлгэчихэж байгаа юм. Гэтэл нөгөөх талын малчин нь “би одоо юунд ч дийлдэхгүй” гэж гүйж яваад л нам буудуулдаг. Мөн “Алсан хүнийхээ зүрхээр тугаа тахьвал улам баатар сүртэй, ялагдашгүй болноо” гэх, эсвэл эсгийд боож толгойг нь тас цавчиж тугаа тахьдаг. Ийм зүрх зүүсэн “Шарын цэргийн туг” Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа.
Энэ бүхэн нь хүмүүсийг улам улангасуулах гэсэн ганцхан зорилготой байдаг аж. Бурханы шашин нь хэдийгээр хамгийн энэрэнгүй шашин боловч аль ч шашинд улайрсан фанатизм байна аа. Эмэгтэй хүнийг буудаж, жирэмсэн эмэгтэйн гэдэс рүү жадалсан зэрэг аймшигт явдлууд гарч байсан. Энэ нь хүмүүст цус үзүүлж, “үнэртүүлэн” улангасуулах гэсэн л арга.
Хэрвээ тэгэхгүй аваас нөгөөдүүл нь байлдахгүй ээ, хоёр гуравхан буу тавихад л буцаад зугтаана шүү дээ, шашны цэргүүд маань. Пулемёт тачигнамагц л бороохой, цахиур буутай цэргүүд буцаад л гүйдэг. Яаж ч тийм хүмүүс зэвсэгт хүчнийг ялах билээ дээ?
Тэгэж айн зугтааж байсан хүмүс чинь нөгөө улаантнаа ялсан тохиолдолд өс хонзонгоо авах зорилгоор дээрх харгислалыг үйлддэг байж. “Энэ муу ландрамуудаас болж бид шашин номоо алдан зовж явна” гээд л. Үүнийг нь бид нэг талаас нь хараад л “За босогчид, эсэргүүнүүд гэдэг чинь аймшигтай харгислал үйлдэж байж” гээд л дүгнэчихдэг.
Гэтэл асуудлыг тал талаас нь харах шаардлагатай байгаа юм аа. Бослогыг дарсаны дараа тэднийг нийслэлийн Бөмбөгөр театрт 1932 онд ил шүүсэн. Тэдний харгислал үйлдсэн баримт, тэр цустай туг, бусад баримт нь байсан тул ялаа авсан. “Элдэв цуу ярианд автсан” гэсэн утгаар нь нэлээдийг нь тавиад явуулсан шүү дээ. Толгойлогч голдуу хэдэн хүнийг буудан хороосон.
-Толгойлогч нарын дунд нь УБХ-ын гишүүн зэрэг олон хүн байсан гэдэг байх аа?
-Тийм хүн олон байсаан. Тэднийг хүндрүүлэх шалтгаантай гэж үзэж шийтгэсэн. Жишээ нь Түгж жанжин гэхэд л цэргийн хүн шүү дээ. Засан сайжруулах газарт ажиллаж байсан офицер хүн. Нам, эвлэлийн олон гишүүн учраас “ялыг нь хүндрүүлж үзэв” гээд буудан хөнөөсөн.
Бослогыг дарж явсан Малжийн, Лхүмбийн, Өлзийбатын отрядынханд “эсэргүү нарыг газар дээр нь буудан хороох” онцгой эрх олгосон байдаг. Өдгөө архивт дээрх отрядуудын хэд хичнээн хүнийг хороосноо тоочсон тайлангууд хадгалагдсаар буй. Бослогыг ийнхүү харгислан дарсаны дараа НТХ, Намын хянан шалгах төв комиссийн хамтарсан III онц бүгд хурал хуралдсанаар зүүнтнүүдийг засгийн эрхнээс бүгдийг нь зайлуулж, “Шинэ эргэлтийн бодлого”-ыг баримтлахаар болсон шүү дээ.
БОСЛОГО ӨӨРИЙН ГЭСЭН ҮР ДҮНГЭЭ ӨГСӨӨН
Хэдийгээр бослого дарагдан, буруутнууд нь цаазаар авахуулсан ч гэсэн нийгэмд маш том дохио өгөв. Мөн манай эзэн улсад ч дохио өгсөн. “Монголчууд дөрлүүлсэн үхэр шиг дагаад явахгүй улс байна шүү. Тэд бидний улс төрийн бодлогыг хүлээж авахгүй нь. Хоёрдугаарт, монголчуудыг ер нь дарахгүй бол болохгүй юм байнаа” гэсэн дүгнэлтэд Москва хүрчээ.
Оросуудад хамгийн аймшигтай санагдсан зүйл бол Монголын дорнод хилд Манж Го улсыг япончууд тэрхүү 1932 онд байгуулсан явдал байж. Өөрөөр хэлбэл Монгол нь гурав дахь хөрштэй болсон үе юм. Тэгээд ч Япон нь Өвөр Монголыг ивээлдээ авчих ваа. Ийнхүү япончууд Монголын хилд тулж ирсэн нь Зөвлөлтийн удирдлагад асар их айдсыг төрүүлсэн байна.
Дээрх бослого ийм хоёр үр дүн үзүүлсэн. Нэгдүгээрт, “монголчууд дуугүй дарлуулахгүй юм байна” гэдгийг ойлгуулсан. Хоёрт, зүүнтнүүдийг засгийн эрхнээс зайлуулж, П.Гэндэн гарч иржээ. Тэрбээр “Шинэ эргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, “Бусдыг мөлжихгүйгээр бүгдээрээ баяжигтун” уриа дэвшүүлэн, дахиад цагаан сараа тэмдэглэдэг болж, хамтрал коммуныг тарааж хаялаа.
“Би японы тагнуул байх байтугай тэр япон хүнийг чинь ч амьдралдаа хараагүй”

Яг үүний дараа “Японы тагнуул Лхүмбийн хэрэг” дэгдсэн л дээ. “Японы тагнуулууд Монголд байна шүү” гэсэн айдас, уур амьсгалыг нийгмийн сэтгэхүйд буй болгох зорилготой энэ зохиомол хэргийг Зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллага
НКВД дэглэсэн. “Тэр тагнуулуудыг жирийн ардууд биш харин ч нам, төрийн удирдлагад байгаа нөхдүүд толгойлж байна” гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлэх зорилготой байж.
“Лхүмбийн хэрэг” нь Хэнтий, Дорнод болон “төв” гэсэн гурван хэсэгтэй нийтдээ 3000 орчим хүний хүрээнд хийгдсэн зөвлөлтийн тагнуулуудын хувьд томоохон операци болон үлджээ. Миний хувьд энэ ондоо багтааж “Лхүмбийн хэрэг: Хэнтий дэх үйл явдал” номоо гаргахаар сууж байна. Дараа нь үргэлжлүүлэн Дорнод, Улаанбаатарт юу болсныг өгүүлсэн удаах номуудаа гаргана.
Энэхүү “Лхүмбийн хэрэг” гэгч нь Хэнтийд анх үүсч, Дорнодод тархсан бөгөөд түүнийг Улаанбаатараас “төв” нь удирдаж байсан гэдэг “сценаритай”

Улмаар Лхүмбийг 1933 онд Зөвлөлтөд аваачиж 6 сар байцаасан байдаг. Гэтэл нөгөө Лхүмбэ нь хэргээ огт хүлээгээгүй. “Би японы тагнуул байх байтугай тэр япон хүнийг чинь ч амьдралдаа хараагүй, юу яриад байгаа юм бэ” гээд л. Нам, төрийн нэг тэргүүн хүнийг Зөвлөлтөд аваачиж байцаасан гээд бод доо. Яахаараа  БНМАУ-ын нам, төрийн нэгэн удирдагч нь, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга хүнийг шүү дээ. Тэр үед МАХН-ыг ижил эрхтэй гурван нарийн бичгийн дарга нар болох Лувсаншарав, П.Гэндэн, Ж.Лхүмбэ нар удирдаж байсан цаг үе шүү дээ.
Гэтэл Жамбын Лхүмбийг энэ дотроос сугалж авсан байдаг. Тэгвэл яагаад чухамхүү Лхүмбийг онцлон сугалж авав аа гэвэл тэрбээр “буриадын асуудлыг эрхэлдэг” нарийн бичгийн дарга байж. Өөрөө бол халх хүн.
Энэ хэрэгт маш олон буриадыг хэлмэгдүүлсэн. Ер нь бол “буриадын эсрэг явуулсан ажиллагаа” гэж нэрлэдэг. Тэр нь ч үнэн. Учир нь 1923 оноос хойш буриад Монголд нэгдэх хөдөлгөөн их хүчтэй өрнөсөн байдаг. Энэ бол “бүх Монголыг нэгтгэе” гэсэн үзэл санааны үзүүр л яваад байгаа хэрэг.
1911 оны хувьсгалын дараа монголчууд нэгдэх хөдөлгөөн хүчтэй өрнөхөд хамгийн идэвхтэй оролцсон нь өвөр монгол, баргууд. Манлай баатар л гэхэд өөрийнхөө хошууг дагуулан ирэхэд нь Богд хаан машид сайшааж, Дорнодод газар заан олгож байв. Одоо хүртэл тэнд барга нар олноороо байна.
Монголчуудын гол зорилго бол нэгдсэн Монгол улсаа байгуулах явдал байлаа. Цагаан хэрмээс хойш Байгаль нуур хүртэлх Монголынхоо үндсэн нутаг дээрээ. Тэгэхээр дээрх нутаг дахь монголчуудаа нэгтгэх нь нийт монголчуудын туйлын зорилго байсан. Тийм учраас ч ардын /үндэсний/ хувьсгал ялсны дараа хувьсгалын удирдагчид Данзан, Сүхбаатар нар Буриадын талаар ихэхээн анхаарал тавьж, дээрээс нь Тагна Тувагаа авна гэсэн асуудал тавьж байж. Ер нь “Орос, Монголын хоорондын хилээ тогтооё” гэсэн асуудлыг шууд тавьсан байдаг. Гэтэл үүнийг нь Зөвлөлтийн тал хүлээж аваагүй байдаг. 1921 оны 11 дүгээр сарын Монгол-зөвлөлтийн найрамдлын анхны тэгш эрхт гэрээ гээд л ярьдаг даа. Гэтэл энэ нь тэгш бус гэрээ болсон. Учир нь монголчуудын “хилээ тогтооё” гэсэн саналыг нь хүлээж аваагүй. Мэдээж ингэснээрээ монголчууд нөгөө Буриад, Тагна Тувагийн асуудлыг хөндө гээд байсан тул оросууд “Энэ асуудлыг хойшлуулая. Дараа нь явцын дунд үүнийг шийдэе” гэсэн хариу өгдөг байж.
Тэгвэл “Буриадын газар шороог өгдөггүй юм бол буриадууд өөрсдөө сайн дураараа  хүрээд ирэг” гэсэн асуудлыг тавьснаар 1923 оноос буриадууд маш олноороо наашаа нүүдэллэн ирсэн түүхтэй юм. 16000 гаруй өрх гэр нүүж ирсэн гэдэг. Ардын засгийн газар тэдэнд Хэнтий, Дорнодод газар тариалан эрхлэхэд хамгийн тохиромжтой, үржил шимтэй Онон- Улзын болон онон-Балжийн бэлчир нутагт газар заан өгч, найр тавин суулгасан байдаг.
Энэ хандлага цаашид маш хүчтэй болж ирсэн учир буриадуудын Монгол руу нүүх нүүдлийг таслан зогсоохын тулд 1930 онд  дахин гэрээ байгуулсан байдаг юм  л даа. “Нүүн ирж байгаа хүмүүсийн дунд цагаантан буриад, Барон Унгерний цэрэгт явж байсан нь ч олон байна.  Тэднийг сайтар шалгаж, заримыг нь буцаа” хэмээн шахамдуулсан аж.
Эцэст нь нэгэнт Монголд орж ирээд аж төрж байсан буриадуудыг зохиомол улс төрийн хэрэгт холбогдуулан унагах ажиллагаа нь дээрх “Лхүмбийн хэрэг”-ээр хэрэгжсэн байдаг.
Ийнхүү Манж Го улстай хил залгасан Дорнод болон Хэнтийн баахан буриадыг хэлмэгдүүлэх ажиллагаа эхлэв ээ. Энэ хэргийг Шодойн Дамдин гэдэг хүний ар гэртээ бичсэн гэх захидлаас үүдэн “босгосон” байна. Энэ захидлыг нь хувьсгалын эсэргүү утга агуулгатай болгон өөрчлөн найруулж, Хэнтий аймгийн Дотоодыг хамгаалах газар илрүүлсэн болгон, “хувьсгалын эсэргүү бүлэг” гэгчийг зохиомлоор тогтоож, “Энэ захидлыг би үзлээ, тэр үзлээ. Одоо түүнд уншуулая” гэх зэргээр өөрчлөн найруулснаар баахан хүнийг хомоорголон баривчилж байцаан, хүчээр тамлан зовоох замаар хэргийг нь хүлээлгэсэн түүхтэй.
Шодойн Дамдин гэж хэн байв гэвэл сонин түүхтэй хүн байдаг. Уг нь Рэнцэнгийн Дамдин юм. Гэтэл эцэг Рэнцэнг нь “Шодой” хэмээн хочилдог байж л дээ. “Шодой” Рэнцэн гэж. Тэрбээр цэрэгт татагдан Улаанбаатарт алба хаасан байдаг. Албанаасаа 1929 оны 11 дүгээр сард Цэрэнгийн Намжил гэдэг өөр нэг буриадын хамт оргожээ. Хоёр буриад бүрэн хэрэглэлтэй зэвсэгтэйгээ, морьтойгоо оргоод бүүр Манжуур гараад явчихсан нь нэн хачирхалтай явдал шүү. Яагаад Улаанбаатараас цэргээс оргосон этгээдүүд Манжуур хүртэл баригдахгүй явчихав  аа?
Улмаар японы нэгэн томоохон цэргийн даргын гал тогоонд ажиллаж, ойр зуурт нь зарагддаг нэгэн болсон гэдэг. Үүнийг би Зөвлөлтийн тагнуулын байгууллагын гар хөл оролцсон гэж харддаг.
Тэгээд 3-4 жилийн дараа дээрх эсэргүү захиаг бичиж гэнэ… Яагаад тэднийг зам зуурт нь баривчилсангүй вэ? Яагаад араас нь очиж хөнөөсөнгүй вэ? Өмнө нь Монголоос ойн Өвөр Монгол руу гарсан нөлөө бүхий олон ноёд, лам нарыг манайхан араас нь хөөж очоод хороогоод байсан шүү дээ? Гэтэл ардын цэргийн албанаас бүх л зэвсэг хэрэглэлтэйгээ оргочихсон нөхдийг хөндөлгүй, хэдэн жилийн дараа 1933 онд ийм хэрэгт холбогдуулав гэдэг нь өөрөө асуудал.
Лхүмбэ өөрөө Өвөрхангайн Хайрхан дулааны хүн байдаг. Хэрвээ тэрбээр үнэхээр эсэргүү байгууллага байгуулсан юм бол юун түрүүнд нутаг усандаа нэлээд хэдэн хамсаатан, тагнуул туршуултай байнаа даа? Гэтэл нутаг ус руу нь огтхон ч хавьтаагүй, харин зүүн зүг рүү л чиглүүлсэн байдаг. Ийнхүү Хэнтий, Дорнод болон Улаанбаатарыг онилсон аж.
Эцэст нь Лхүмбэ “Би ер нь ойлголоо… Иймээс олон нөхдийнхөө цусаар гараа угаалгүй дан биеэрээ дуусахаар шийдлээ” хэмээн өчсөн байдаг. Энэ хэрэгт холбогдсон 2500 гаруй хүнийг 1937 онд буудан хөнөөсөн түүхтэй.
С.Энх-Амар
Эх сурвалж: “Монцамэ”

0 сэтгэгдэл:

Post a Comment