SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, February 7, 2012

Б.БАДАМЦЭЦЭГ: хүн нэг л амьдардаг бол жүжигчин хүн мөнх амьдардаг

    
ЭМШУИС-ийн оюутан Б.Бадамцэцэг. Даруухан агаад нэг л өөриймсөг санагдах энэ бүсгүйг би энэ л өнгө төрхөөр нь уншигч Тантай уулзуулмаар санагдлаа. Уг нь монголын кино дэлгэцэнд....
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
.....өөрийн гэсэн дүрээ мөнхөлж, “Miss Mongolia-2010”-ын гоо бүсгүйн алтан титэм хүртсэнийг нь хүн бүхэн мэднэ. Амьдрал хэмээх их тавиланд өөрийн гэгээн ул мөрөө үлдээж, улс орныхоо төлөө хувь нэмрээ оруулах гэж зүтгэж буй түүний зорилго, нандин хүсэл нь ариухан сэтгэл, гэгээн ухаанд нь ундарсаар яваа мэт санагдсаныг нуух юун. Энэ орчлонгийн гэрэл гэгээ нь бүсгүй хүн байдаг. Харин тэрхүү бүсгүйн ухаанаар хорвоо өнгө үзэмжээ нэмдэг гэж ярьдаг билээ. Ингээд урлаг соёлынхоо гэгээн хойморт Б.Бадамцэцэгийг урилаа.
-”Валентины захидал” нэртэй шинэ уран бүтээлд тоглосон. Хоёулаа яриагаа эндээс эхлэх үү?
-Энэ кино маань жил гаруй хугацаанд бүтлээ. Кино зохиол, жижиг хэрэглэл, ивээн тэтгэгч гээд л кино бүтээхэд хэрэгтэй бүхнээ хөөцөлдсөөр яваад л ийм цаг хугацааг тууллаа. Харин киноны зураг авалт сар гаруй үргэлжилсэн. Би Мөнхжин гэдэг охины дүр бүтээсэн. Дөнгөж сургуулиа төгсч ирээд телевизэд дадлага хийдэг. Тэр телевизэд нь Өнөрөө гэж жинхэнэ олны анхаарал татсан хөтлөгч байдаг. Тэгээд л Өнөрөө, Мөнхжин хоёроор киноны үйл явдал өрнөнө дөө.
-Энэ дүр өмнө нь тоглосон киноны дүрүүдээс юугаараа онцлог байв?
-Өмнө нь тоглож байсан киноноос хайр дурлалын сэдэвтэй, инээдмийн гэдгээрээ онцлог байлаа. Ер нь кино болгонд ажиллаж буй багийнхан тэс өөр байдаг л даа. Өмнө нь “Хэцүү анги”, Эрдэнэт хотын 35 жилийн ойд зориулсан “Дурсамжид төгсгөл үгүй” зэрэг кинонд тоглож байсан. Шинэ кино, шинэ уран бүтээл эхлэх бүр шинэ хүмүүсийн дунд орж, танилцаж,
сурч авах боломж нээгддэг.
-“Хэцүү анги” кинонд архичин хүний охин болж тоглосон. Ер нь архичин хүний охин байх ямар байсан бэ?
-Гурван сарын хугацаанд архичин хүний хүүхэд байлаа / инээв/. Ер нь Гэрэлээ гэдэг охины дүрд тоглосон. Тэр кинонд бүтээсэн миний амьдрал хэцүү шүү дээ. Ээж нь амьдралаа авч явах гэж хичээнэ. Охин нь ч багагүй зовдог. Аавыгаа гэсэн сэтгэл байдаг. Яг яахаа мэдэхгүй. Дотоод сэтгэлийн зөрчил их гардаг. Аавыгаа, ээжийгээ, хайртай болсон залуугаа яах билээ гээд л…
-Яаж яваад кино урлагтай холбогдчихов оо?
-Дэлхийн шатрын аварга Энхтуул бид хоёр багын найзууд. Нэг нэгнийхээ амжилтын гарааг нээж өгсөн гэж хэлж болно. Би
анх Энхтуулыгаа хоёулаа шатрын клубт явъя гэж санал тавьж байсан. Тэгээд л шатар тоглож эхэлсэн. Энхтуул маань анхандаа дургүй байсан ч шатарт их сайн болсон. Би замын дундаас шатраа орхичихсон. Энхтуул маань жаахан шартай хүүхэд л дээ. Тиймээс нэг эхэлсэн зүйлийнхээ эцсийг нь үзэх гэж зорьдог. Нэг өдөр Энхтуул маань хоёулаа МҮОНРТ орж хүнд бичиг баримт хүргэж өгье гэлээ. Яг үнэндээ бичиг баримт хүнд өгөх биш “Хэцүү анги”-ийн пробонд орох болсон. Хүмүүс сайн мэдэхгүй байж магадгүй. Бид хоёр хоёрдугаар шат хүртэл явсан. Тэгээд Энхтуул маань Азийн аваргын тэмцээнд орох болоод больчихсон. Харин би үлдээд л кинондоо тоглосон доо.
-Дэлгэцийн бүтээлд тоглохоосоо өмнө жүжигчдийн талаар ямар бодолтой байв?
-Одоо эргээд бодоход шал өөр бодолтой байсан юм билээ. Жүжигчин гэхээр энгийн хүмүүстэй дуугардаггүй ихэмсэг зантай хүмүүс гэж боддог байлаа. Одоо дунд нь ороод ирэхээр тэс өөр. Эхлээд хэн нэгэн жүжигчинтэй уулзаад өнгөрөх, дараа нь уран бүтээл дээр хамт ажиллаад ирэхээр дотоод сэтгэл, зан авир нь мэдэгддэг. Тиймээс хүнийг өнгөн талаас
нь дүгнэж болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Миний төсөөлж байснаас их өөр. Хэнтэй ч зөв харилцаж чаддаг өөриймсөг хүмүүс л урлагийнхан байдгийг ойлгосон.
-Кинонд тоглосны дараа орчин өөр болдог гэж ярьдагтай санал нийлдэг үү. Найз нөхдөө ч сольдог гэсэн?
-Мэдээж олон хүнтэй танилцана Анх “Хэцүү анги”-д тоглож байснаа эргэн санахад таван жил өнгөрч. Миний амьдрах орчин ч өөр болсон. Гэхдээ 10 жилд найзалж байсан найзуудтайгаа одоо ч үерхдэг. Хэрвээ миний найз нар байгаагүй бол би өөр болох байсан байх. Нэг удаа найзууд маань намайг дундаа хийж байгаад уйлтал минь загнаж билээ. Чиний энэ чинь болохгүй байна. Тэр чинь болохгүй байна. Чи яагаад ингэж өөрчлөгдөөд байгаа юм гэж загнаж байсан. Энэ найз нарынхаа хүчээр аравдугаар ангидаа байсан Бадамцэцэг мисс болсон ч яг л тэр зангаараа энд сууж байна. Тиймээс найз нартаа
үргэлж баярлаж явдаг.
-Олны танил байх хэцүү юу?
-Нэг хэсэг хэцүү байсан. Хааяа бүр уйлдаг байсан. Ялангуяа “Хэцүү анги”-д тоглосныхоо дараа. Надад ямар ч орлого байхгүй 10 жилийн хүүхэд. Аав, ээжээсээ мөнгө авна, автобусаар явна. Нэг удаа автобусаар явж байсан чинь хүмүүс ард шивнэлдэж байгаа нь сонсогдлоо. “Яана аа. Энэ одоо ингэж явдаг юм байх даа. Яг л кинон дээр гарсан амьдралтайгаа адилхан юм байна” гээд л арчаагүй ухааны юм яриад. Би бүр яахаа мэдэхгүй автобусны урд талд шигдээд явж байсан. Би уг нь бүр багаасаа л автобусанд суух дуртай байсан. Харин тэр цагаас хойш автобусанд суухаа больсон. Дараа нь мисс
болсон. Мэдээж мисс автобусаар зорчих юм бол манайхан бөөн юм ярих байлгүй. Товчхондоо хообийноосоо татгалзсан /инээв/. Хүмүүс намайг Гэрэлээгээр их танина. Зарим нь гэрийн хаяг, утасны дугаараа өгчих гэж гуйна.
- Анх миссийн тэмцээнд орох саналыг хэн тавьсан бэ?
-Би кинонд тоглохоосоо өмнө “Азийн модель” агентлагт явдаг байсан. 2008 онд ЕБСийн хүүхдүүдийн дунд болдог “Үнсгэлжин”-д оролцож дөрөвдүгээр байр эзэлсэн. Тэр үед Содтуяа багш надад үнэгүй сурах эрх олгож байсан. Тэгээд 2010 оны мисс болно түүнд бэлтгэ, түрүүлэхгүй ч туршлага хуримтлана гэдэг үүднээс намайг оролцуулсан л даа.
-Чиний бодлоор сайхан бүсгүй ямар байх ёстой вэ?
-Бүсгүйчүүд бүхэн олны нүдэнд гоё байх хэрэгтэй. Гэхдээ гоё байх гэж хичээгээд хэрэггүй. Хүн өөрийнхөөрөө л байх нь хамгийн гоё гэж боддог. Хэтэрхий их будалттай ч юм уу их гангалах нь дэмий санагддаг. Мөн бүх л өдөржин өсгийтэй гутал өмсдөг байх ёсгүй. Надад өндөр өсгийтэй гутал дандаа өмсөх ч юм уу гангалах сонирхол байдаггүй. Эмэгтэй хүн будаггүй
өөрийнхөөрөө байх тусам л гоё харагддаг шүү дээ. Би тийм ч их буддаггүй өөрийнхөөрөө л байхыг хичээдэг.
-Сайхан бүсгүй гэж ямар хүнийг хэлэх үү?
-Сайхан бүсгүй гэдэг нэр томъёо чинь өөрөө их гоё утга агуулсан үг. Би хамгийн түрүүнд ээжийгээ нэрлэнэ. Орчлонд мэндэлсэн цагаас дэргэд минь байж, ангир уургаа хөхүүлж, бүүвэйн дуу аялаад, амьдралд яаж явахыг минь зааж өөрөөсөө үлгэр дууриал үзүүлсэн хамгийн сайхан хүн бол ээж минь. Харин загварын талаасаа Содтуяа багшийгаа хэлнэ. Багш чинь болохоор чамд гоё харагдах нь мэдээж гэж зарим хүмүүс хэлдэг. Тийм биш. Содоо эгчид эмэгтэй хүнд байх намуухан хоолой, намбалаг төрх бүх л юм байдаг болохоор сайхан санагддаг. Жаахан бухимдаад уур хүрээд л Содтуяа багш дээр очоод уулзахаар өмнөөс “Яасан миний хүү” гээд нэг сайхан тайван угтахаар нь яалт ч үгүй уярдаг.
-Ээжийгээ танилцуулаач?
-Миний ээжийг Батмөнх гэдэг. Би ээжээрээ овоглодог. Эмч мэргэжилтэй. Хувиараа эмнэлэг ажиллуулдаг. Ээж бид хоёрыг хамт байхад хүмүүст их сайхан сэтгэл төрдөг юм шиг санагдсан. Нэг удаа бид хоёр гэр рүүгээ орох гээд цахилгаан шатанд явж байсан. Гэтэл нэг хүн “Та хоёр эгч, дүү хоёр уу” гэж асуусан. Ээж минь миний найз, бас сайн ээж минь байж чаддаг. Би ч хамгийн сайн охин нь байж чаддаг гэж боддог. Нэг талаараа хүүхдээ хэтэрхий хориод цагдаад байхаар улам буруу зам уруу орох гэж зүтгэдэг байх гэж боддог. Тиймээс өөрийг нь өөрөөр нь хүмүүжүүлэх ухаан миний ээжид байдаг юм шиг
билээ.
-Өөрийн чинь үеийн охидууд жаахан буруу замаар яваад байна гэж яриад байгаа. Энэ талаар?
-Хүн бүр өөр өөр байгаа. Үнэндээ буруу замаар явж байгаа охидууд байгаа л даа. Мөнгөтэй мөртлөө толгой нь ажилладаггүй зөвхөн зугаа цэнгэлийг урдаа тавиад залуу насаараа түрүү бариад явдаг. Тийм учраас тэр хүмүүсийн бодол санаа, сэтгэж байгаагаас их зүйл шалтгаалдаг байх. Хэдийгээр ар гэрийн гачигдал янз бүрийн шалтгаан байсан ч өөрөө зөв бодолтой бол амжилтадхүрнэ шүү дээ.
-Ном уншдаг уу?
-Ээж минь их ном уншдаг. Тэгээд ч тэр үү би ном унших дуртай. Одоо “Урлагийн түүх” гэдэг ном уншиж байна. Манай номын санд олон ном бий шүү.
-Монголын хамгийн сайхан зүйл гэвэл юуг нэрлэх вэ?
-Тусгаар тогтнол. Тусгаар тогтнол бол миний байтугай монгол түмний бахархал. Би 2010 онд “Miss International” олон улсын тэмцээнд оролцохдоо хамгийн түрүүнд тусгаар тогтнолоо, нийслэлийнхээ хөгжил дэвшлийг голлож ярьсан. Миний өмнөх миссүүд хөдөө орон нутгаа сурталчилж байсан юм билээ.
-Найз залуутай юу?
-Одоохондоо байхгүй. Би их зарчимч хүн шиг байгаа юм. Эхлээд сургуулиа төгсөх хэрэгтэй. Ирээдүйд гоо сайхны мэс засалч болох зорилготой. Хэрвээ найз залуу гараад ирвэл би дуртай хүлээж авна. Гэхдээ намайг ойлгодог хүн байх нь л чухал. Би чинь кино зураг, сурталчилгаа гээд цаг үргэлж ажилтай байдаг. Ер нь найз залуу гэдэгт анхаарал өгөөд байх асуудал биш эхлээд өөрийгөө сайн төлөвшүүлэх нь чухал.
-Амьдрал дээр хэн нэгэн танихгүй хүнд тус болж байв уу?
-Саяхан би Солонгос яваад ирсэн. Солонгос Монгол эмч нарын нээлттэй хэлэлцүүлэг гэж байдаг. Зун болгон Солонгосын эмч нар монголд ирж хүүхэд, хөгшдийг эмчилдэг. Би Монгол талын элч төлөөлөгч нь болоод гэрчилгээг нь гардаж авсан. Үүнийхээ шугамаар гурван хүүхэд Солонгост эмчлүүлэх эрх авсан л даа. Одоо материалыг нь явуулах тал дээр ажиллаж байна. Хүмүүнлэгийн ажил хийж байгаа. Утаанаас болоод хүүхдүүдийн өвчлөл их болсон. Мөн асрамжийн газраар явж байна. Тухайн өвчтэй хүүхдүүдийн ар гэрийн сарын орлогыг нь харж байгаад эм зэг давхаргын хүүхэд байвал эмчилгээнд
явуулах бодолтой байгаа.
-Суххуяг ахтай хамтарч тоглоход ямар байв?
-Сүххуяг ахтай хамт тоглож байхдаа ерөөсөө жүжиглэж чаддаггүй байсан. Нэг л мэдэхэд тэр хүний ур чадвар авьяасыг дагаад бүх зүйл бүтчихсэн. Тэр бүү хэл миний хэлэх гэж буй үг цаанаасаа гараад ирнэ. Аавыгаа ангид орж ирдэг хэсэг дээр өөрийн эрхгүй уйлаад л нулимс асгарч байсан. Ер нь түүртдэггүй өөрийн эрхгүй аваад явчихдаг сайн жүжигчин, сайн ч ах.
-Дэлгэцийн бүтээлээ хэзээ нэгэн цагт орхих бодол байдаг уу?
-Дуртай болохоор орхихгүй. Тэгээд ч ах, эгч нараасаа их юм сурч мэдэж авч өөрийгөө тэлж байгаа болохоор сайхан санагддаг. Урлаг гэдэг гоё л доо. Хүн нэг л амьдардаг бол жүжигчин хүн мөнх амьдардаг. Нэг кинонд үхэж дуусч
байхад нөгөө кинонд жаргаж дуусах жишээтэй.
-Ямар нэгэн дүр бүтээх юмсан гэж бодож явдаг уу?
-Тэгэлгүй яахав. Түүхэн хатны дүр бүтээхсэн гэж боддог. “Богд хаан” кинонд Дондогдулам хатны дүр бүтээх гэсэн чинь нас багадаад хасагдсан. Миний царай хатны дүрд тохирдоггүй юм шиг байгаа юм. Тэгээд Хорлоогийн дүрийг бүтээсэн ч харамсалтай нь хасагдчихсан. Ингээд л түүхэн кинонд тоглож чадаагүй /инээв/. Гэхдээ миний царай зүс таарсан хэн нэгэн хатны дүр гарах байх аа.
-Хүн л юм чинь дутагдал байдаг байх?
-Байлгүй яахав. “Хэцүү анги” киноныхон намайг “Халтар царайтын Корелло” гэдэг байсан /
инээв/. Энгэрийн микрофон зүүгээд ч миний үг сул сонсогддог. Сая “Валентины захидал” дээр Навчаа эгчтэй хамт тоглосон. Навчаа эгч жаахан чангарчихаа юу гэж байсан. Тэгэхээр сайжирч байгаа юм шиг байна билээ.
-Сөрөг дүрд тоглосон уу?
-“Нэг, хоёрын, гурав аа” гээд инээдмийн кинонд сөрөг дүрд тоглосон. Надад ёстой зохихгүй юм билээ. Найз охиныхоо найз залууг гэртээ дуудаж ирээд архи өгсөөр байгаад унтуулчихдаг хэсэг надад наалдаж өгөхгүй байсан /инээв/. Сөрөг дүр ёстой бүтэхгүй юм билээ.
-Сургуулиа төгсөөд хамгийн эхлээд юу хийе гэж бодож байна?
-Би магистрт гаднын аль нэг анагаахын сургуульд сурна гэж бодож байгаа. Би энэ мэргэжлийг хүсч сонгосон. Манай зарим эмч нар алдаа гаргадаг. Миний зүрхийг үзэж оношилсон эмч гурван сарын настай гэж хэлсэн. Би түүнийг сонссон цагаасаа эхэлж хямарсаар байгаад бие их муудсан. Тэгээд гадагшаа эмчлүүлэх гэж очоод тариа ч хийлгээгүй эрүүл болчихсон. Би
шарлахаад зүрхний эмч болно гэж боддог байсан. Яг тулахаар зүрхний эмч жаахан хэцүү юм билээ. Тэгээд гоо сайхны эмч болохоор зорьсон. Эмэгтэй хүн өглөө босоод толинд хардаг. Өөрт нь таалагдаж байвал өдөржингөө л сайхан өөдрөг
сэтгэлтэй явдаг шүү дээ. Харин ямар нэгэн юм болохгүй бол тэр өдөржин бухимдалтай байдаг. Би гоо сайхны мэс заслыг 100 хувь дэмждэг. Энэ бол байх л ёстой зүйлийн нэг. Яагаад эмэгтэй хүн өөртөө итгэлтэйгээр урагшаа алхаж болохгүй гэж. Тэр хүн өөрөө өөртөө итгэлтэй урагшаа алхахад тэр хүний амьдралд ямар их юм өөрчлөгдөх вэ. Өөрөө өөртөө итгэлтэй байна гэдэг бол аливааг ялахын эхлэл. Мөн өөрийн өнгө төрх царайг голж сэтгэлээр унасан бүсгүй хойшоо алхахад ямар их боломж алдаж байгаагаа ойлгодоггүй.
-Өсгийтэй гутал хэзээнээс өмссөн бэ?
-Багаасаа өмссөн. Ээжийг ажилдаа явахад л гутлуудыг нь гаргаж өмсөөд зогсдог байсан гэсэн. Мөн даашинзыг нь өөртөө
тааруулаад хайчилчихдаг хүүхэд байсан. Ер нь их хөдөлгөөнтэй, зүггүй хүүхэд байсан л даа. Манай эгчийн дүү нэг удаа намайг харж өнжчихөөд “Би танай охиныг дахиж хэзээ ч харахгүй” гэж байсан гэсэн /инээв/.
Залуу нас, гоо сайхныг дагуулдаг хэмээн хэн нэгний ярьж суухыг сонссон юм байна. Тэгвэл гоо сайхныг ухаан дагадаг байж болох юм шиг санагдлаа. Эсвэл ухаан гоо сайхныг дагуулдаг байж ч болох юм. Ямартай ч хорь шүргэж буй насанд байхааргүй ухаалаг яриа, дөлгөөн харцтай энэ бүсгүйн өмнө ирээдүй гэрэлтэн буй. Тэрхүү ирээдүйн зүг алхаж буй Б.Бадамцэцэгийн инээмсэглэл бүхэн нь жаргал болж, зорилго бүхэн нь биелж байхын хүсэл шившин энэхүү ярилцлагаа өндөрлөе.
 В.НЭРГҮЙ

0 сэтгэгдэл:

Post a Comment