SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, February 8, 2012

Монгол язгууртны булшнаас олдсон ГУТАЛ, МАЛГАЙ


 1999 онд Цагаан ханангийн агуйгаас олдсон язгууртны булш XIII-XIV зууны үеийн монголчуудад холбогдох түүхийн асар үнэ.....




 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
1999 онд Цагаан ханангийн агуйгаас олдсон язгууртны булш XIII-XIV зууны үеийн монголчуудад холбогдох түүхийн асар үнэ цэнэтэй олдвор юм. Цагаан ханангийн агуйд XIII-XIV зууны үеийн язгууртан эрэгтэйн ямба ёслолын хувцастайгаа бүрэн оршуулга байсныг ухвар мөчид урт гартнууд ухаж сэндийчээд шатааж орхисныг цагдаа нар илрүүлж, азаар шаталгүй үлдсэн зарим эд зүйлийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Эдгээр олдвор нь XIII-XIV зууны үеийн Юань улсын хаадын хөрөг зурагт дүрслэгдсэн хувцас хэрэглэлтэй ихээхэн төстэйн зэрэгцээ олдворын чанарын хувьд харьцангуй сайн хадгалагдаж ирснээрээ онцлог юм.
Мөн тухайн үеийн хаад, язгууртнуудын өдөр тутам хэрэглэж байсан хувцас хэрэглэл олон зууны турш уур амьсгал, он цагийн бэрхшээлийг даван туулж, унаган хэлбэр төрхөөрөө олдсоноороо эрдэм шинжилгээ болон танин мэдэхүйн чухал ач холбогдолтой. Уг эд өлгийн зүйлсийн үнэ цэнэ, ач холбогдлыг харгалзан үзэж, Монгол Улсын Засгийн газрын газрын 2010 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаар тогтоолоор “Түүх соёлын дурсгалт зүйлсийн хосгүй үнэт зэрэглэл”-д бүртгэж, улсын хамгаалалтад авчээ. Нүүдэлчин язгууртны өмсөж, эдэлж байсан эд зүйлийг одоо Төрийн түүхийн музейд хадгалж байна.
МАЛГАЙ
Торго, алтан саан утас, шир, савхи, цаас.
Өндөр 8 см, диаметр 19,3 Ийм малгай XIII-XIV зууны үеийн Монголын хаад, язгууртнуудын зурагт түгээмэл дүрслэгдсэн байдаг. Ялангуяа Юань гүрний хаадын хөрөг ийм малгайтайгаар дүрслэгдсэн байдаг бөгөөд уг малгайг Өлзийт Төмөр хааны хөрөгтэй жишиж харахад малгайн орой, саравч, шилэвч, бусад загвар, хийцээрээ тун адил. Уг малгай нь залгамал саравч, шилэвчтэй. Гадна талаас нь барьж оёсон торгон гоёотой, түүн дээрээ алтан саан утсаар цувж яваа хоёр нугасны дүрсийг урласан, малгайн дотор талд улаан цаасыг олон давхар нааж, түүн дээр нарийн ширхэгтэй шаргал самбай наасан. Саравчийг хийхдээ цаасыг торгон эдээр бүрж, цагаан утсаар нягт ширж оёжээ. Малгайн туургыг зургаа хуваасан хүрэн савхин оруулгаар эвлүүлэн оёж, шилэвчийг хэдэн газар, саравчийг нэг газар торгон эдээр чимжээ.
ГУТАЛ
Шир. Өндөр 38 см, улны урт 25 см, улны өргөн 7,2 см
Хүрэн шаргал өнгийн ширээр хийсэн, түрий нь өвдөг хэсгээрээ өндөрссөн, дөрвөн давхар наамал ширэн ултай. Уг гуталд зулаг, түрийн залгаас байхгүй, хоёр хажуудаа босоо шулуун залгаастай, хоншоор хэсгийг нь тусад нь залгасан. Нийт гурван хэсэг эсгүүртэй. Эдгээрийг шар өнгийн шөрмөс бололтой, нарийн утсаар тун цэвэрхэн залган оёжээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment