SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, January 30, 2012

Олигархи дэглэм бодитоор тогтсон байна

Олигархи дэглэм бодитоор тогтсон байна






 Одоогоос нэг жилийн өмнө хэсэг “салан тусгаарлагчид” МАХН гэсэн нэрийг дахин сэргээнэ......








Одоогоос нэг жилийн өмнө хэсэг “салан тусгаарлагчид” МАХН гэсэн нэрийг дахин сэргээнэ хэмээн Онц их хурал зарлан хуралдуулж байсан билээ. Тус хурлаар хувьсгалт нэрийг дахин сэргээн, нийгмийн амьдралд таван хувьсгал хийхээ тунхаглаж байсан. Тиймээс ирэх өдрүүдэд тус намын үүсэн байгуулагдсан нэг жилийн ой тохиож буй. Энэ талаар болон цаг үеийн зарим асуудлаар Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяртай цөөн хором хөөрөлдлөө.

-Өнөөдрийн МАХН-ын нэг жилийн ойн баярын хурлаас та ямар үр дүн хүлээж байна вэ?

-Баярын хурал ч юу байх вэ. Бид ажил хэрэгч хурал хийнэ гэж төлөвлөж байгаа. Энэ удаагийн хурлаас өнөөгийн нийгмийн нөхцөл байдалд дүн тавих, одоогийн жинхэнэ дүр төрхийг ард түмэндээ таниулж, мэдүүлэх, цаашдын хамтын үйл ажиллагаагаа яаж өрнүүлэх вэ гэсэн тийм л үр дүнтэй хурал болоосой гэж хүсэж байна даа.

-Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарчихлаа. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ үйл явц нь анхнаасаа урт түүх л дээ. Түүхийг товчилж хэлэх юм бол, эхнээсээ л Үндсэн хуулиас гадуур, “эцэг” хуулийн зарчмыг зөрчиж байгуулагдсан хамтарсан Засгийн газар байсан. Тухайн үед МАХН (одоогийн МАН) ганцаараа хуулийг зөрчсөн ч юм биш.
АН ч гэсэн хуулийг хамт зөрчилцөж, хамтарсан Засаг гэгчийг байгуулалцсан. Тэр үед би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хамтарсан Засгийн газрыг байгуулах гэж санал солилцож байсан хүмүүст “дүнг” үгүйсгэсэн, хариуцлага алдагдуулсан, намууд дотроо гишүүд нь цаагуураа дэмжихгүй байх нөхцөл байдал бий болж магадгүйг анхааруулан сануулж байсан.
Гэхдээ тухайн үед хамтарсан танхимыг байгуулахын төлөө шаргуу хөөцөлдөж байсан хүмүүс томоохон асуудал, улс төрийн амлалтуудыг шийдэхийн төлөө энэ хамтарсан Засгийн газрыг байгуулах нь илүү үр дүнтэй гэдгийг надад илэрхийлсэн л дээ. Тиймээс би Ерөнхийлөгчийн хувьд, УИХ-д үг хэлэхдээ, энэ Засгийн газарт хоёр талаас хандаж байна.
Хэрэв энэ Засгийн газар үнэхээр ард түмний төлөө томоохон асуудал, амлалтуудыг шийдэх гэж байгаа бол хамтарсан Засаг гэдэг хувилбар байж болохыг дэмжихээ хэлсэн. Харин хамтарчихаад томоохон асуудлыг буруу шийдэх, ард түмний хүсэн хүлээж байгаа асуудлыг шийдүүлэхгүй унтраах, саармагжуулах гэж байгаа бол энэ нь өөрөө маш том ноцтой гэмт үйлдэл болно гэдгийг анхааруулж хэлж байсан. Гэхдээ харамсалтай нь энэ бүхнийг цаг хугацаа харууллаа.

-Тухайлбал?

-Монгол Улсын эрх ашигт нийцсэн томоохон шийдвэрүүдийг гаргахаасаа илүүтэй амлалтаасаа бултах, Оюутолгойг гадныханд өгөх, Тавантолгойг олигархиуд нь өөрсдөдөө хувь эзэмшиж авах гэх мэт алдаатай, улсын эрх ашигт үл нийцсэн шийдвэрүүдийг гаргалаа. Харин одоо болохоор бид нарын хамтарч ажиллах цаг хугацаа дууслаа.
Асуудлуудаа олигархиудтай нийцүүлээд сайхан шийдчихлээ, одоо сонгууль болох гэж байгаа учраас бид хамтарсан Засгаас гарлаа гэж нэг нам нь байгуулсан гэрээгээ зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт Үндсэн хуулиас гадуур байгуулагдсан энэхүү Засгийн газрын аль нэг нам нь гэрээгээ зөрчин байж танхимаас гарсан бол хууль эрх зүйн талаасаа ч С.Батболдын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой.
Учир нь энэ Засгийн газрын оршин тогтнох гол үндсийг хоёр намын хамтарсан гэрээ хангаж байсан юм. Тийм ч учраас дараагийн Засгийн газрыг Үндсэн хуульд нийцүүлж байгуулах болов уу гэж найдаж байлаа. Гэвч харамсалтай нь энэ бүхнийг хэн ч анхаарахгүй ажиллалаа. Ялангуяа, Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн үүнийг маш сайн анхаарч ажиллах ёстой.
Гэтэл хэн нэгэнтэй хэрэлдэж байгаа юм шиг нэг, хоёр хүнийг ямар шалтгаанаар голоод бас дэмжээд байгаа нь мэдэгдэхгүй хачин байр суурь баримталж ажилласан. Нэг үгээр, Ерөнхийлөгч өөрөө хуулийн гадуур алхам хийж эхэлж байгаа нь эргээд хямралт байдлыг бий болгож байна. Зүй нь би түрүүнд хэлсэн. Засгийн газрыг огцруулаад, жинхэнэ ёсоор Үндсэн хуульд нийцсэн олонхийн танхимыг байгуулахад нь дэмжих ийм эрүүл саруул ардчилсан нийгэмд байх ёстой харилцааг үүсгэхийн оронд, нэг хоёр хүнтэй маргалдах, хэрэлдэх, зарга хайж байгаа нь өөрөө буруу юм.

-Өнөөгийн төр засгийн байдлыг цөөн үгээр илэрхийлбэл?

-Монголын төр засаг хуулиа сайн мэддэггүй. Бас хуулиа баримталдаггүй, хуулиа баримтлах хүсэлгүй, хувийнхаа үзэмж, эрх ашигт нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах гэж оролддог. Тэр нь ард түмний ашиг сонирхлоос маш хол байдаг, ийм дүр зураг харагдах болсон. Яг бодит байдал дээр бол олигархи дэглэм тогтсон байна.
Монголын баялгийг гадаадын гар хөл болсон дотоодын олигархиуд гадаадынхантай хамтарч цөөн хүмүүсийн эрх мэдэлд шилжүүлсэн. Тийм ч учраас ард түмэн ядуурч байна. Хэрвээ ийм байдалтайгаар нийгэм урагшлах юм бол ядуурлын процесс үргэлжлэх нь гарцаагүй. Гэхдээ энэ бүхнийг нэг, хоёр хүн хэрэлдэж байгаа юм шиг шийдэхгүй.
Өөрөөр хэлбэл, жинхэнэ зарчмын том өөрчлөлт, хувьсгал хийх хэрэгтэй. Хувьсгал гэхээр заавал сөргөлдөөн, тэмцэл байх албагүй. Сэтгэлгээний, ажлын, арга барилын, шударга ёсны хувьсгал хийж байж энэ бүх юмыг үндсээр нь засч өөрчилнө.

-Одоогийн Засгийн газрын сайд нарын томилгооны талаар юу хэлэх вэ?

-Би шинэ сайдуудыг сайн, муу гэж ярьмааргүй байна. Тэр бүхнийг хуульд нийцүүлж ярих хэрэгтэй. Хуульгүй хүн гэж байдаггүй. Хуульд нийцүүлж чадахгүй бол сайн хүн муу болчихдог гэмтэй. Өнөөдөр хуульд нийцүүлж ажиллахын оронд сайн, муу хүн гэж хооронд нь талцаад байх юм. Тэгээд тэрийгээ хуульд нийцүүлж, үйл ажиллагаагаа явуулах ёстой Ерөнхийлөгч нь өөрөө хуулийн гадуур гишгээд, хуулийн ойлгомжгүй орчинд асуудлыг татан оруулж, хэрүүл маргааны шинжтэй болгож байгаад нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, туйлын харамсаж байна.
Уг нь хувь хүн дотроо бухимдаж байсан ч хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хуулиар хориглоогүй бол “болно” гэдэг зарчим иргэнд үйлчилдэг. Харин хуульд зөвшөөрөөгүй бол “болохгүй” гэдэг зарчим төрд үйлчилдэг. Тэгэхээр хуульд ийм маягаар дураараа аашлахыг зөвшөөрөөгүй. Тийм учраас “болохгүй” л байхгүй юу.

-Танай нам өнгөрсөн хугацаанд бүх ард түмний их хуралдайг хийж, Монголын толгой 15 олигархийг тодруулан нэрлэж байсан. Энэ хүрээнд 15 зорилгыг дэвшүүлж, МАХН-МҮАН-ын “Улс төрийн холбоо” гэдгийг байгуулсан. Тэгэхээр тус холбоо ирэх сонгуульд ямар хэлбэрээр оролцож, түүнчлэн өөр хоорондоо ямар квотоор тохиролцож байна вэ?

-Бид квотоо тохиролцохоосоо илүүтэй, хэн илүү шударга, хэн илүү бэлтгэгдсэн боловсон хүчин бэ гэдгийг нэн тэргүүнд харж байна. Мөн эмэгтэйчүүдийн төлөөллөө илүү оруулах, Монгол Улсынхаа төлөө зүтгэе гэсэн хүмүүсийг олж дэмжин энэ улс эх орныхоо хөгжлийн төлөө зүтгүүлэх тэрхүү бодлогыг баримталж байгаа.
Түүнээс биш хоосон тоо тохирдог намын жишгээр явахгүй. Учир нь тэр хоосон тооны цаана хувийн ашиг хонжоо, хэрүүл маргаан явдаг. Тийм ч учраас бид “чадах, зүтгэх” хүнээ л гаргая гэсэн бодолтой ажиллаж байна.

Эх сурвалж: “Нийгмийн толь”

0 сэтгэгдэл:

Post a Comment