SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, January 23, 2012

Цагаан сар чухам хэзээ вэ?




 Жилийн жилд хэзээ цагаан сараа тэмдэглэх талаар маргадаг болоод Монголчууд бид бараг 20 гаруй жил болж байна. Энэ жилийн......





Жилийн жилд хэзээ цагаан сараа тэмдэглэх талаар маргадаг болоод Монголчууд бид бараг 20 гаруй жил болж байна. Энэ жилийн тухайд л гэхэд  зарим  зурхайчид нэгдүгээр сарын 26-нд цагаан сараа хийнэ гэж байгаа бол зарим нь сарын дараа монголчууд цагаан сараа тэмдэглэнэ гэж байна.
Үүнээс болж хүмүүс хэзээ цагаан сараа тэмдэглэх талаар эргэлзэж тээнэгэлзэж эхэллээ. Бид энэ талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцлаа.

-Шар зурхайг дагах ёстой гэж байгаа хүмүүс нэгдүгээр сарын 26-нд цагаан cap болно гэж байна. Харин Төгсбуянтын зурхайг баримтлагчид хоёрдугаар сард цагаан сарын баяр болно гэх юм. Тийм болохоор Монголын цагаан cap яг хэзээ болох талаар яриагаа эхэлье?
-Монголын цагаан cap хоёрдугаар сарын 25-нд болно.
-Төгсбуянтын зурхайг хэтэрхий хоцрогдсон, зөвхөн монголчууд хэрэглэдэг гэсэн зүйлийг шар зурхайг баримтлагчид ярьж байгаа. Үнэхээр тийм бол яагаад заавал Төгсбуянтын зурхайг дагаад байгаа хэрэг вэ?
-Бид энэ маргаан гарах үеэс аяндаа учраа олоод явах биз ээ гэж бодож байсан. Харин сүүлдээ нэлээд сүрхий сүржин яриа өрнөх  болсон.  Тийм болохоор бид нэлээд судалж үзсэн. Сүүлчийн дэлгэрэлт буюу XVI зуунаас хойш Монголд бурхны шашин дэлгэрсэн.
Зурхайн дацан, мамба дацан, чойрын гүн ухааны дацан гээд мэргэжлийн чиглэлийн дацангууд үүсч бий болсон. Зурхайн дацанд л гэхэд арав, хорин жил ном үзэж байж эрдмийн цол хамгаалж зээрэмбэ гэдэг цолтой төгсдөг байжээ. Энэ дацангуудын сургалтад шар зурхай, Төгсбуянтын зурхай хоёулаа ордог байсан. Хоёулангаар нь  цаг тооны бичиг хийдэг байжээ. Тийм болохоор энэ хоёр зурхайг хоёуланг нь буруутгашгүй ээ. Яагаад гэхээр хоёулаа л хүн төрөлхтний хэрэглэдэг сайхан зурхай юм.
Гэхдээ Монгол Улс Манжийн эрхшээлд байсан тэр үеэс энэ хоёр зурхайг хоёулангаар нь цаг тооны бичиг хийж хэрэглэхээс аргагүй байдалд орсон юм билээ. Учир нь Манжийн төрөөс шар зурхайг өөрийн эрхшээлд байгаа гэж үзсэн бүх оронд хэрэглэхийг тулгаж байжээ. Тийм учраас монголчууд торийн ажлаа зохицуулах талаасаа Шар зурхайг зайлшгүй мөрдөх шалтгаан бүрдсэн.
Тэгэхээр Төгсбуянтын зурхай нь яагаад давхар яваад байсан юм бэ гэдэг асуудал гарна. Төгсбуянтын зурхай бол Монголд үүсч, манай газар нутагт тохирсон,  өргөрөг буюу газар нутгийн байдлаар нь илүү тодорхой зурдаг. Сарны үзэгдэх хугацаа газар газар ондоо юм даа. Тийм болохоор нэгд, орон нутгаар нь савлаж зурдаг. Хоёрт, өөрийн газар нутаг дээр өөрийн онцлогийг харуулсан зурхай нь илүү явцтай байдаг учраас Төгсбуянтын зурхайгаа заавал давхар авч явж байжээ.
-Юу нь илүү гэсэн үг вэ?
-Төгсбуянтын зурхайд юу нь илүү байна гэхээр дөрвөн улирал их сайхан тодорч гардаг. Хавар, намар, өвөл, зуны хэм хэмжээ, хугацаа маш тодорхой байх ёстой. Нүүдэлчин малчин ард түмэн аж ахуйгаа эрхлэхэд дөрвөн улирлын тод томруун байгаа байдал, саран нарны хэлбэр, дүрс маш чухал байдаг. Түүгээр дамжуулан нүүдэлчид газар дэлхийгээ маш сайн мэддэг байв.
Cap, нарны үзэгдэх байдлаар дэлхий ертөнцөө шинждэг. Тухайлбал, шинийн хоёрон, гуравны cap чанх дээшээ, амсар нь дээшээ харсан бол боргийн тэвш ч гэх шиг нэрлэж байв. Энэ нь олигтой юм болохгүй, өнөө жил зуд турхан болно гэх мэтээр cap, нарныхаа хэлбэрээр шинждэг зүйлүүд зөндөө бий. Энэ мэт Төгсбуянтын зурхайд дөрвөн улирал нь маш тод томруун гардаг. Монголчууд өөрийнхөө аж амьдрал, газар нутагтаа зохицуулсан зурхай гаргасан нь энэ юм. Монголчуудын амьдрал ахуйд сайн таардаг учраас шар зурхайг хэрэглэж байхдаа Төгсбуянтын зурхайгаа хаялгүй авч явж иржээ.
Мөн монгол тоололд илүү cap гэж бий. Илүү сарыг яаж бодож, хаана нь хийх вэ гэдэг нь нүүдэлчдийн том соёл байсан. Харин зунаас өөр хувьсал хувирал байхгүй, эсвэл өвөл зун гэсэн хоёр л байгаль цаг уурын нөхцөлтэй газруудад Шар зурхай нь илүү сайн таарч байсан байх аа.
-Ер нь Төгсбуянтын зурхайг манайд албан ёсоор мөрдөж байсан уу?
-Монголчууд 1911 онд Богд хаант Монгол Улсаа байгуулж тусгаар тогтнолоо олсон тэр үед Богд хаан олноо өргөгдсөний он тоолол гэдгийг гаргаж, шар зурхайг халж, Төгсбуянтын зурхайгаа төрийн зурхай болгож авсан юм билээ. Энэ бол маш нарийн ёс журамтай. Эхлээд зурхайчид нэгдсэн журмаар зурхайн дацандаа зурхайн  цаг тооны бичгээ хийдэг байа. Хамгийн түрүүнд түүнийгээ тухайн үеийн Гадаад яаманд өргөн барьдаг.
Гадаад, дотоод харилцаа гээд хамаг зүйлээ тодорхойлон хамгийн сүүлд Богдод барьдаг. Богд түүнийг болгоогоод хэрэглэж болно гэсэн зарлигаа гаргадаг байж л дээ. Ингэж Төгсбуянтын зурхайг албан ёсны зурхай болгон хэрэглэх болсон. Үүнээс хойш 1937 оны хэлмэгдлийн үед зурхай тэртэй тэргүй хаагдсан.Лам нар нь баригдан шорон оронд орж егүүтгэгдээд, хуучны юм болгоныг үгүйсгэж байсан тэр үед хэсэг хугацаанд цаг тооны бичиг завсардсан юм билээ.
-Албан ёсоор дахин сэргээсэн нь хэзээ юм бэ?
-1944 онд Гандантэгчинлэн хийд дахин сэргэж, тэр үед хуучин уламжлалт зурхайчид буюу бор Дагва гуай, уулын хэмээн алдаршсан Жамц гээд олон зурхайчид цаг тооны бичгээ хийж эхэлсэн. Тухайн үед Монголын ард түмний хүсэл эрмэлзлэлээр цагаан сараа тэмдэглэх шаардлагатай болсон  юм. Гандан хийд дахин сэргэсэн цагаасаа эхлээд хурал номын үйл ажиллагаа нь энэ цаг тооны бичгээр  явдаг.
болов.Энэ литэн дээр сарны хэм хэмжээг маш тод томруун гаргах шаардлага шашинд ч байсан. Жишээ нь, битүүний өдөр, шинийн найманд cap тал дугуй байх ёстой, 15-нд цэл бөөрөнхий байх ёстой, 22 Дарь эхийн буулттай өдөр cap тал дугуй байх ёстой гэх мэт иймэрхүү журмаар дүйцэн өдрүүдийг тэмдэглэх ажилд сарны маш нарийн зурлага хэрэгтэй байдаг. Тэр ч шаардлагын үүднээс дахиж литээ зурж эхэлсэн. Литээ зураад хамба ламдаа өргөдөг, түүнээсээ гэсгүй болоод бусад хүмүүс хуулж авч хэрэглэдэг журамтай болсон. Энэ бол үхмэл зурхай биш ээ.
1960 он гараад миний багш Данзан-Осор, Жамба, Жамц зэрэг олон зурхайчид нийлж, дахиж Улаанбаатараар савласан тийм хэм хэмжээнд оруулж нарийсгасан байдаг. Энэ үеэс ард түмний хүсэл эрмэлзэл их байсан учраас Цагаан сарыг нэгдэлчдийн цагаан cap нэртэй болгон тэмдэглэх болсон.
Нүүдэлчин ард түмэн мал аж ахуйгаа эрхлэхийн тулд цаг тооны бичиг нь хэрэгтэй болсон учраас нэгдэлчдийн календарь нэртэйгээр тэдэнд зориулан гаргаж байв. Лам нарыг тухайн үед хавчиж байсан болохоор Нинжбадгар гуай зэрэг хэд хэдэн одон орончдыг явуулж, лам нараар зурхайг нь заалгаж, малчдад зориулсан лит зурдаг байсан. Иймэрхүү байдлаар 1990 он хүртэл Гандан өөрийнхөө цаг тооны бичгийг гаргаж байсан. Тэгээд сайхан чөлөөтэй цаг эхэлж, цаг тооны бичгээ үргэлжлүүлэн өдий хүртэл гаргасаар ирлээ.
-Монгол газар нутагт Төгсбуянтын зурхай маш тохиромжтой гэж та хэллээ. Тэгвэл Шар зурхайг нь давхар хэрэглээд явж болох уу?
-Монголчууд нэг ард түмэн учраас нэг өдрөө л шинэлж байх нь зүйтэй гэж би боддог юм. Үндсэн хуулийн зарчим ч тийм шинжтэй шүү дээ.
-Шар зурхайг баримтлагчид нэгдүгээр сарын 26-нд шинэлнэ гэж байгаа. Зарим хүмүүс юмыг яаж мэдэхэв гээд тэр өдөр нь зүгээ гаргачихдаг юм уу гэж байсан. Жилд хоёр удаа зүг мөрөө гаргахад муудах зүйл бий юу?
-Үүнийг зөв гээд байх ч юу байхав. Нэгэнт хичнээн жил дагаж ирсэн Төгсбуянтын зурхайгаараа зүг, мөрөө гаргавал зүгээр дээ.
-Төгсбуянтын зурхайг зөвхөн монголчууд хэрэглэдэг үү?
-Тийм ээ. Яагаад гэвэл энэ зурхайг монгол нутгийн хэм хэмжээнд тохируулан монголчууд өөрсдөө зохиосон учраас Монгол нутаг дээр Төгсбуянтын зурхайг хэрэглэж байгаа.
- Цагаан сарын тухай таны бодлыг сонирхох юм бол та юу хэлэхсэн бол?
-Цагаан cap бол түүхийн олон зууны турш тэмдэглэж ирсэн, монголчуудын уламжлалт баярын нэг юм. Монголын ард түмний зан заншил, уламжлалыг мартуулахгүй байх сайхан баяр гэж бид боддог юм. Тийм ч учраас энэ баяраа эрхэмлэн дээдэлж ирсэн уламжлалтай. Бид бодох ёстой юм. Хуучин уламжлал, шинэ нөхцөл байдал гээд аль алиныг нь бодож үзэх хэрэгтэй. Хуучин уламжлалаар бол ахас ихсээ хүндэтгэдэг, багачууд хүүхдээ асардаг, үеийнхэндээ эв найрамдалтай сайн сайхан яваагаа мэдэгдэж бэлгэ дэмбэрэл оршоодог гэх мэт олон сайхан зан заншил бий.
Азийн орнуудад энэ баярыг чухалчилж үзэж байгаа харагддаг юм. Монголчууд ч түүний ижил юм. Ах, дүү, хамаатан садан бие биенийдээ ирж, ахмадаа хүндэтгэн золгож, уулзаж учирдаг. Найз нөхөд бие биенийдээ орж гардаг. Хамаатан садан, үр хүүхддэг л баяр шүү дээ.
Идээ будаа, бэлэг хадгийн талаар ямар ёс жаяг байна вэ?
Хүнийг гар хоосон гаргахгүй гэсэн л зүйл юм.  Одоо цагт бол  ном, цаг тооны бичиг зэрэг өөрт нь хэрэгтэй аятайхан зүйлийг өгч болох талтай. Харин настнуудынхаа аж амьдралыг нь дээдэлж, өглөг өгөх гэдэг гайхамшигтай зүйл юм. Өглөгийн эрхээр баяждаг гэж бурхан багш айлдсан юм. Энэ бол хуурмаггүй үнэн. Тиймээс шинэ жил гараад нэгэндээ өглөг өгч байгаа хэлбэр байдаг. Настай, ядарсан хүмүүстэй золгохдоо хэдэн төгрөг баривал цаад хүндээ аж амьдралыг нь дээшлүүлж, асар их буян , үйлдэж байгаа.тал байна. Чадуу улс бол бие биедээ бэлгэ дэмбэрлийн утгатай жаахан зүйл зөрүүлбэл болох юм.
-Өөрийнхөө бололцооны хэрээр л хийх зүйл шүү дээ. Заавал бусдыг дуурайж хамгийн том идээ засах албагүй. Жижигхээн хөөрхөн таваг хийгээд, хажуу талд нь ууцыг орлодог дал ч юм уу тавьж болно. Цагаалга, будаалга зэргээ зэхэж, хийгэзд шинийн гурван хүртэл бэлгэ дэмбэрэл л оршоож байгаа юм шүү дээ.
-Цагаан сараар зүг, мөрөө гаргах нь мөн бэлгэдлийн шинжтэй зүйл. Зүг, мөрөө гаргахгүй бол яах вэ?
-Ер нь зурхай бол заавал тийм болно гэсэн үг биш. Магадлалын ухаан. Зарим нэг хүн жил орсон үедээ нэлээд барцадтай байгаа нь харагддаг. Зарим хүн огт тоохгүй явах нь ч байдаг. Багш маань айлдахдаа, настай хүн эсвэл хийморь нь муудсан зэрэгт л жил орохыг их тоодог. Бусад үед нэг их мэдэгддэггүй юм гэдэг байсан даа. Ер нь бол монголчууд аливаа нэгэн зүйлийг урьдчилаад хийх нь зүгээр гэж үздэг учраас жилийнхээ муу зүгийг хааж, сайн зүгт хөл тавьдаг сайхан бэлгэдэл юм.
-Өмнөх жил ажил төрөл нь бүтэмжгүй тааруухан байсан хүн Цагаан сараа аятайхан тэмдэглэвэл зүгээр болох уу?
-Цагаан cap бол мууг сайнаар урвуулах өдөр гэж багш минь айлдаж байсан. Цагаан сарын өдөр муу байх юм бол идээ будаа, цагаалга, бэлгэдэлтэй сайхан үг ярьж, эв нэгдэл ерөөх нь мууг сайнаар тайлж байгаа хэрэг юмаа гэж айлдаж байж билээ. Тиймээс цагаан cap бол жилийн турш сайн сайхан байх бэлгэдлийн эх.
Шинийн нэгэнд голлож анхаарч байгаа нь жилийн эхний өдрийг сайнаар туурвиад, цаашдаа ч гэсэн ийм сайн байя гэсэн бэлгэдлийг гаргаж байгаад л хамгийн гол утга нь оршино. Цагаан cap бол бэлгэ дэмбэрлийн утгатай, мууг сайнаар тайлах, улам сайн болгох, хөгжиж дэвших, жилийн эхэнд бие, хэл, сэтгэл гурвын үүднээс сайн үйл хийж, тэр нь улам цааш өргөжиж, жилийн турш сайн сайхан байхын бэлгэдлийн баяр даа.
-Гандан хийд цагаан сараар ямар ямар зан үйл хийдэг вэ. Өнгөрсөн цагаан сараар лам нар шинийн нэгэнд өөрсдөө золгоогүй гэсэн яриа байсан…
-Өнгөрсөн жил лам нар өөрсдөө болохоор сайн өдрөө шинэлээд, ард түмнийг буруу өдрөө шинэлүүлсэн гээд шал худлаа зүйл ярьсан байна лээ. Гандан хийдийн ажил Төгсбуянтын зурхайн цаг тооллоор л явдаг. Бид битүүний орой 22 цагаас хурал номоо эхэлдэг.  Шинийн нэгний өглөө Цэдэрлхам бурхныхаа тахилгыг дуусгаад ерөөл тавин, өлзий хутгаа оршоодог. Дараа нь Цогчин дуганы гол шүтээн болсон Очир дарь бурхандаа Монголын ард түмэн болоод эх болсон зургаан зүйл хамаг амьтны сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээр мандал өргөөд буцаж дугандаа орж золгодог.
-Тодруулга яриа өгсөн танд гялайлаа. Шар шинэдээ сайхан шинэлээрэй.

Ч.Содномдорж
Эх сурвалж: “Монцамэ”

0 сэтгэгдэл:

Post a Comment