SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 23, 2011

Ямар үнэ хөлсөөр дуулж байгаа минь нууц


Шинэ жилийн баяр захиалгад дарагдаад тун ч завгүй яваа гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа уран бүтээлийнхээ талаар ийн ярилаа.....


-Урилга заллага их байгаа биз. Нэг арга хэмжээнд ямар өртгөөр дуулж байна вэ?
-Нэлээд олон газраас хүсэлт ирсэн. Тэр бүхэнд зөвшөөрсөн хариу өгөөгүй ч гэлээ, аль болох амжиж очихыг хичээж байна. Харин чухам ямар үнэ хөлс авч байгаа нь нууц. Угаасаа та нар бараг гадарлаж байгаа биз. Цөөн албан байгууллага, компанийн шинэ жилийн баярт оролцох учраас өөрийнхөө хөдөлмөрийг тодорхой хэмжээгээр үнэлнэ шүү дээ, би.
-Шинэ цомог гаргах болоогүй юу. Нэлээд хугацаа өнгөрлөө?
-Төлөвлөсөн ажил бий, гэхдээ дэлгэмээргүй байна. 2006 онд би “Дурлал шиг асна” цомгоо гаргасан. Түүнээс хойш цомог гаргаагүй. Ер нь, би 4-5 жилийн хугацаатай цомог гаргасан нь дээр гэж боддог. Энэ хугацаанд чанартай хэдэн дуу бичүүлээд авбал болох нь тэр.
-Дуулсан дуу бүр тань хит болно гэдэгт итгэлтэй байж чаддаг уу?
-Бүрэн итгэлтэй байдаг гэж хэлэхгүй ээ. Ямар ч байсан, ихэнх дуу маань хит болно гэж итгэдэг. Заримдаа хит болохуйц хэмжээний дуунууд амжилтанд хүрэхгүй байх нь бий. Учир шалтгааныг нь мэдэхгүй юм. Харин сүүлд дуулсан “Үл таних эмэгтэй” киноны дууг үнэхээр сайн бүтээл болно гэж итгэж явсан. Кино зохиолоо уншиж тэр нэгэн бүсгүйн амьдралыг ойлгож, мэдэрсэн учраас энэ дууг сэтгэл зүрхээ чагнан байж дуулсан. Би ч бас эмэгтэй хүн, эх хүн шүү дээ. Амьдралын жаргал зовлон дундуур туучиж яваа эгэл бүсгүйн аз жаргал, баяр гуниг миний зүрхэнд тодоос тод харагдсан. Тийм болохоор үг, өгүүлбэр бүрийг нь чин сэтгэлээсээ илэрхийлж чадсан байх.
-Шинэ дуугаа бичүүлээд л явж байгаа юу, одоо?
-Тийм ээ. Хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай уулзаж, студи продакшин хэссээр явтал өдөр өнгөрчих юм байна шүү дээ. Шинэ дуугаа бичүүлж, клиптэй болгосны дараа нэг хэсэгтээ л сэтгэл амар сууна. Гэхдээ дууныхаа клипийг телевизээр анх үзэх гэж байгаа өдрөө хөөрч догдлоод хэрэндээ л сандарна. Манай нөхөр хүртэл гайхаад байдаг юм. “Хүүе, Ариунаа чи яагаад ингэж сандраад байгаа юм бэ. Бас гар утсаа дэрнийхээ дэргэд тавьж унтдаг нь ямар учиртай юм” гээд л. Үнэндээ бол, шинэ дууны маань клип гарч эхэлмэгц Балхаа ах, Гүрээ ах хоёр над руу ярьдаг байхгүй юу. “Клипээ үзэж, дуугаа сонсч байна уу. Ямархуу болж вэ” гээд л баахан хөөрч догдолсон улс.
-Уран бүтээлийн ажлын хажуугаар гэр орондоо хэр зэрэг анхаарал тавьж байна даа?
-Би тийм ч муу эзэгтэй биш ээ. Уран бүтээл минь амжилттай, зорьж төлөвлөсөн бүхэн маань төвөггүйхэн бүтэж байгаа нь ханийн буян. Урлагийн хүнийг ойлгож, хүсэл сонирхлыг нь дэмжиж чаддаг ханьтай байхад би юу ч хийж бүтээнэ. Нөхөр маань надад үнэтэй цаг, гоё даашинз авч өгвөл учиргүй баярлаж хөөрөөд байх нь хаашаа юм. Хэдийгээр бэлгэнд дургүй хүн байхгүй ч гэлээ, энэ бол тийм ч сонирхолтой сюрприз биш. Харин шинэ дууг минь сонсч, урмын үг хайрлаж байвал уран бүтээлч хүний хамгийн том аз жаргал тэр.
-Уран бүтээлч хүн цаг үеэсээ түрүүлж явах ёстой гэдэг. Үүний адилаар, тухайн хүний үзэл бодол ч өөр байх нь лав?
-Тэр мэдээж. Гэхдээ манайхан сүүлийн үед хэтэрхий хэв маяг, хэлбэр дүрс хөөцөлддөг болж. Хотын соёл, техник технологи л яриад байх юм. Хүн чанар, ёс заншил, өв соёлын тухай дурсч байгаа хүн тун цөөн. Ялангуяа, эх оронч үзлээ бид ямар ч үед гээх ёсгүй баймаарсан. “Морь мал унахгүй, гэрт амьдрахгүй. Гэр хороололд байгаа хүмүүс бүдүүлэг. Хотын соёлоос хөдөөгийнхөн суралцах хэрэгтэй” гэж ирээд л тэнгэрээс унаад ирчихсэн юм шиг ярьж байгаа нь харамсалтай. Монгол хүн морио унаж, гэрт амьдрахгүй гээд хаачих юм бэ. Бүгд л байранд амьдарч, машин унаж чадахгүйгээс хойш тийм этгээд бодолтой байх нь утгагүй. Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж, өв соёл, ёс заншлаа дээдлэх нь монголчуудын хамгийн том зорилго байх. Түүнээс биш, гадны соёлоос хуулбарлаж, харь хүмүүсийг тахин шүтэж болохгүй гэж боддог юм. Үүнийгээ ч уран бүтээлийнхээ уур амьсгалд оруулна.

0 сэтгэгдэл:

Post a Comment